Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн саналыг сонсож авах уулзалт МҮХАҮТ-д болсон. Энэ үеэр зарим ААН, компанийн төлөөллийн хэлсэн үг, саналыг хүргэж байна.

"Нарантрейд" группийн ерөнхий захирал Н.Удвал, "НӨАТ-ыг 10 хувь гээд буцаан өгч буй 2 хувиар энэ татварын хэмжээг тогтоож бууруулах шаардлагатай байна. Эсвэл 5 юм уу 10 хувь гэж буурууллаа гэхэд бүрэн буцаан өгдөг бол энэ нь эдийн засагт эргээд өгөөжтэй, үр дүнтэй байх юм. Учир нь энэ татварын мөнгө буцаж бизнестээ орохгүй, үр ашиггүй зарцуулагдаж байна. НӨАТ бол далд эдийн засгийг ил болгож арга хэрэгсэл гэхээс биш бид үүнийг татвар гэж ойлгодоггүй". 

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Сав баглаа боодлын нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар, "Бид 400-500 хүнийг ажлын байраар ханган хүнд даацын, нүүрсний шуудайг эх орондоо оёж хийж байна. Гэтэл шуудай авдаг газар байхгүй болсон. Уг нь худалдан авалтын тендер нь зарлагдаад байдаг. Тэнд нь арын хаалганы, гадна дотны "цүнхний" компаниуд нь оролцоод жинхэнэ үйлдвэрлэгчид нь борлуулалтгүй, ажилгүй үлдээд байна. Бизнест бүх зүйл шударга явагдах ёстой" гэдгийг засаж залруулахыг анхааруулж байв. 


Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн А.Ганбаатар, "Хамгийн гол нь эдийн засгаа босгоход ААН, байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхэд учир буй хүндрэл бэрхшээлийг арилгаж даван туулахад нэгдмэл үйл ажиллагаа хэрэгтэй байгаа"-г хэлсэн бол "Буян" ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, "Бизнест битгий бэлэн мөнгө үйлдвэрлээрэй. Инфляцид дарлуулна шүү. Ам.доллар хэрэв энэ дээшээ улам өсөөд 5 мянгад хүрвэл Монголын бүх компании дампуураад дуусна. Тиймээс бизнест татварын бодлогоо цэгцэлж хүн бүр, ААН бүрийг татвар төлөгч болгоё" хэмээн уриалж, татвар төлөлт дээр ялгаж салгадаггүй шударга байдлыг бэхжүүлье гэсэн саналаа хэлж байв. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, "COVID-19"-ийн цар тахлын халдварыг дотооддоо барьж чадаж буй өнөөгийн нөхцөл байдалд хорио хязгаар, дэглэмээ мөн дотооддоо сулруулж хэцүү байгаа ЖДҮ, үйлдвэр, үйлчилгээгээ багаар ч болтугай дэмжихийг хүсэж, энд анхаарна уу" гэж байна. Уулзалтад оролцсон Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар дээрх хүсэлтэд хариулахдаа, "Одоогоор соёл урлагийн үйл ажиллагаа, үзвэр үйчилгээ, РС, шөнийн цэнгээний газар зэрэг 2-3 салбарын үйл ажиллагаа хязгаарлалттай байгаа. Бусад салбарын хувьд гэвэл жишээ нь, 8 дугаар сарын 1-нээс спортын салбарын үйл ажиллагааг үзэгчгүйгээр нээж шийдвэрлэсэн.

Худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагааг бид 9 дүгээр сарын15-наас жигдрүүлж, хэвийн горимд оруулахад Засгийн газар анхаарч байна" гэдгээ мэдэгдсэн юм. 

Тэрээр, нэг талдаа иргэдийн эрүүл мэндийг бодож буй ч нөгөө талдаа, шинэ Засгийн газар эдийн засгаа эргэж сэргээн идэвхжүүлэн хэвийн горимд оруулахад УОК-той хамт тодорхой шийдвэрийг гаргаж байна гэв. 

"Макс групп"-ийн Стратеги, хамтын ажиллагаа хариуцсан захирал Ц.Соёл-Эрдэнэ саналаа хэлэхдээ, "Бизнесээ эрхлэгчдээ бодвол хөнгөлөлтөд ААНОАТ болон Үл хөдлөхийн болон газрын татвар зэрэг багтаж буй. Нэг удаа ч гэсэн эдгээр татвараас чөлөөлснөөр ААН-үүдэд алдагдлаа бууруулах, амьсгаа авах боломж олгох юм. Энэ саналыг дэмжиж өгөөч" гэж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэхдээ, "Энэ жил татварын хувь хэмжээгээр оролдохгүй. НӨАТ-ын хувь хэмжээг буулгахгүй" гэдгээ мэдэгдэж, харин татвараа гүйцэд авдаг болно гэдгийг мэдэгдлээ. 

Бизнес эрхлэгчид банкуудыг цэгцэлж зээлийн өндөр хүүг бууруулахтай санал нэг байгаагаа илэрхийлж байв. Ингэхгүй бол бүх бизнес жижигэрч ханшийн зөрүүний алдагдалд дампууран ирэх жил гэхэд тэсэхгүй нь гэдгээ хэлж байв. "COVID-19"-тэй холбоотой НДШ, ЭМД-аас ААН-үүдийг 10 дугаар сар хүртэл чөлөөлж буй арга хэмжээгээ төр, засаг сунгаж өгвөл бидэнд их хувь нэмэртэй байна гэцгээж байлаа. 

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэхдээ, ЖДҮ-гийн хувьд хууль батлагдсан, бие даасан агентлагтай болсон учир одоо үйл ажиллагаа нь нэлээн тодорхой  болж ажиллана гэдэг итгэж байгаагаа тодотгосон. 

Тэрээр ЖДҮ бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуусын адил төрөөс зайлшгүй анхаарах бодлогын салбар, тиймээс энд төсвөөс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгийг гарган дэмжиж явах байр суурийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо байнга барьж буй. Бид энд алдаа гаргахгүй, алдаагаа засаад явна гэв. 

"COVID-19"-ийн цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүсээд буй хүндрэлийг даван туулах, цаашлаад урт хугацаанд эдийн засгаа тогтвортой авч явахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг МҮХАҮТ-д болсон уулзалтад оролцогсод онцолж байв. 

МҮХАҮТ уулзалтын өмнө бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоос шинээр хэрэгжүүлэх томоохон төсөл, хөрөнгө оруулалтын санал болон Монгол Улсын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж тусгах саналуудыг хүлээн авчээ. Энд хөрөнгө оруулалтын төсөл, төслийн санаа болон хамтран ажиллах нийт 20 гаруй санал, худалдаа, ХАА-н түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжил болон санхүү төсөвтэй холбоотой 60 гаруй санал ирснийг уулзалт дээр бизнес эрхлэгчдийн хэлсэн санал хүсэлтийн хамт Засгийн газрын гишүүдэд гардуулсан юм