Нийтийн тээврийн автобусны төлбөр төлдөг "U-Money" картын шинэ үйлчилгээний талаар "Улаанбаатар смарт" ХХК-иас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр тус компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд "U-Money" карт хэрэглэгчдэд зориулан https://www.u-money.mn/ вэб сайтыг өчигдрөөс ажиллуулж эхэллээ. Энэ нь ямар зорилготой вэ гэхээр иргэдэд картын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулах болон тус картны үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломж бүрдэж буй юм. "U-Money" карт эзэмшигчид тус вэб сайтад бүртгүүлээд, өөрийн ашиглаж буй картынхаа 16 оронтой дугаарыг холбосноор төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл гэдэгт хэзээ, хэдэн цагт хаанаас ямар автобусанд суусан, хэдэн цагт төлбөр хийсэн зэрэг мэдээллүүд багтана. 

Өмнө нь зөвхөн аппликэйшнаас нийтийн тээврийн автобусны чиглэлийн мэдээллийг хардаг байсан бол одоо тус сайтаас мөн харж болно.

Үүнээс гадна Автотээврийн үндэсний төв болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран хот хоорондын автобус, нислэгийн цагийн хуваарийг тус сайтаас харах боломжийг бүрдүүлсэн. Ирэх 11 дүгээр сард багтааж "U-Money" картын утасны аппликэйшныг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тус аппликэйшнаар карт хэрэглэгч өөрөө картаа цэнэглэдэг болно" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Ub smart bus" аппликэйшны дараагийн хувилбар гарахад бэлэн болсон. Өчигдөр тус аппликэйшны Android-д зориулсан шинэчилсэн буюу 2.19 хувилбар "Store"-ууд дээр гарсан байгаа. Шинэ гарсан хувилбар нь өмнөх хувилбараасаа илүү хурдтай, чиглэлийн мэдээллийг харуулахдаа автобус тухайн буудлаасаа хөдөлсөн эсэхийг дүрсээр ангилж харуулна. Мөн дараагийн буудал руугаа дөхсөн эсэхийг өнгөөр ялгаж харуулна.

Мөн тухайн буудал дээр хичнээн чиглэлийн, хэдэн автобус, хэдэн минутын дараа ирэх вэ гэдэг нь тодорхой харагддаг болсон. Автобус тухайн буудал дээр нэг минут, түүнээс бага хугацаанд ирэхээр бол "тун удахгүй ирнэ" гэж ялгаж харагдана. 

Карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгийн хүртээмж хангалтгүй байна гэсэн номдол иргэдээс ирсэн. Улмаар банкны ПОС-уудаар U-Money картыг цэнэглэх боломжийг бүрдүүлж байна. Одоогоор хөгжүүлэлт туршилтын ажлуудыг хийж байна. Ирэх 11 дүгээр сард багтаагаад тодорхой цэгүүд дээр туршилтаар тестлэнэ. Улмаар 12 дугаар сараас тус үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. 2020 онд гэрээт цэгийг 1500 орчмоор нэмэгдүүлнэ" гэдгийг хэллээ.