Эрдэс баялгийн салбараас энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дэлхий дахинд цар тахлын дараах эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрдэс баялгийн бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөж байна. 

Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, жонш, алтны үнэ өссөн нь манай улсын төсөвт төвлөрүүлэх орлогод эерэгээр нөлөөлж буй.

Энэ онд манай улс 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч, цар тахлаас үүдэлтэйгээр экспортын хэмжээ буурах хандлагатай байна. Гэхдээ нүүрсний үнэ өссөн учир төсөвт төвлөрөх гүйцэтгэл эхний хагас жилийн байдлаар 98 хувьтай гарлаа гэж УУХҮЯ-наас мэдээлэв.