УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, шийдвэрлэлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хоригийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн. 

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр нар өнгөрсөн 30 жилд хүн рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийж чадаагүй явж ирсэн учраас ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх, эдийн засагт үр өгөөж өгөхөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлагын үүднээс төсвийн тухай хуулиудад тавьсан хоригийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай буйгаа хэлсэн юм.


Улмаар нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхийлөгчийн тавьсан 4 хоригийн гурвыг нь хүлээж авах боломжгүй гэж үзэж, нэгийг нь хүлээж авахаар шийдвэрлэлээ. Тодруулбал,

1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

2. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухайн зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсангүй.

3. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь  хориг тавьсныг мөн олонхын саналаар хүлээж авсангүй.

4. Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн арга хэмжээнд хэсэгчлэн тавьсан хоригийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүлээн авахаар тогтов.

Гэвч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлж зарцуулагдахаар тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 

Ингээд Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссон юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авсан тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж ирэх долоо хоногт багтаан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлийг хуралдаан даргалагч өглөө.