Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 03-нд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг хориг тавьсан.

Ерөнхийлөгчийн уг хоригийн талаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, олонхын саналаар шийдвэр гаргажээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуультай холбогдуулж гурван асуудалд хориг тавьж, санал ирүүлсэн.

Нэгдүгээрт, 2020 онд объект юмуу төсөл арга хэмжээ нь эхлээд 2021, 2022 онд дамжин хэрэгжиж буй объектуудыг улсын төсвөөс хасах санал ирүүлсэн. Бүлэг хэлэлцээд 2020 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

Хоёрдугаарт, Төсвийн тухай хуулийг дагалдаж гарсан Ирээдүй өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьсан. Энэ хоригийг намын бүлэг хэлэлцээд мөн хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хэмжээ өсөж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн олонх нь үзсэн" хэмээн өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээллээ.