Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны үйл ажиллагааг алдаатай байна гэж үзэж буй бөхчүүд тус холбоонд мэдэгдэл хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн дарга Дархан аварга Г.Өсөхбаяр нарт хүргүүлж буй тус мэдэгдлийг Улсын гарьд Б.Гончигдамба уншиж, танилцуулав.

Тус мэдэгдэлд "Сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн соёл, жудаг эерэгээр хөгжих асуудалд ноцтой нөлөөлөхүйц хэд хэдэн асуудал гарч, үндэсний бөхийн уламжлал алдагдахад хүрлээ. Гэвч Монголын Үндэсний бөхийн холбоо чиг үүрэг, зорилтоо умартан талцан хуваалцсаар өнөөдрийг хүрч байна. Иймд "Эх эе"-ийг хуралдуулан, Бөхийн холбоо цаашид хөгжих, эс хөгжихтэй холбоотой дараах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

1. Монголын үндэсний бөхийн холбоо сүүлийн 10 гаруй жил аймаг, дүүргийн баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах, буцаан олгох зэрэг асуудлуудад дур мэдэн шийдвэр гаргаж, Үндсэний их баяр наадмын тухай хуулийг зөрчиж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар, залруулга хийгээгүй, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд оноолтыг будилаантуулах асуудал даамжирсаар байна. Иймд уг асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байна. 

2. Монгол Улс 1999 онд Допингийн холбоонд нэгдсэн. 2000 оноос үндэсний бөх, сурын харвааны тамирчдаас сэргээшийн шинжилгээ авч эхэлсэн. Мөн НҮБ-ын спорт сэргээшийн эсрэг олон улсын концвецэд Монгол Улс нэгдсэн орсон. Олон улсын гэрээ, концвенцэд нэгдсэнтэй холбогдуулан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадмаар олгосон цол, байрыг хасна гэж заасан. Гэвч өнөөдрийг хүртэл Бөхийн холбоо сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь үндэсний бөхийн үзэгч болон бөхчүүд сэргээшийг байх ёстой зүйл мэтээр бодож, хүлээн зөвшөөрөх эрсдлийг бий болгож, өөхшүүлж буй мэт харагдаж байна.

3. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн нэр хүндтэй холбоотой хэд хэдэн асуудлаар хуралдахгүй, дуугарахгүй байгааг чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна.

Иймд хэсэг бөхчүүд үндэсний бөхийн өв соёл, ёс жудгийг хойч үедээ цэвэр ариунаар өвлүүлэхийн тулд сүүлийн хоёр жил хуралдаагүй Үндэсний бөхийн цэцдийн зөвлөлийг хуралдуулж, Эх эеийн хуралдааныг Цэцдийн зөвлөлөөс яаралтай зарлан ирэх сарын 10-ны дотор хуралдуулж, үүссэн нөхцөл байдлын талаар шийдвэр гаргаж, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан батла. Мэдэгдэл хүргүүлсэн энэ цаг үеийн бүх шатны барилдаанд барилдаж буй улсын цолтой 63, аймгийн цолтой 183, сумын цолтой 16 бөх" гэжээ.

Мэдээллийн үеэр Улсын аварга Н.Батсуурь "Олон жил үргэлжилж буй Бөхийн холбооны талцлыг арилгаж, нэгдэхийн төлөө дуу хоолойгоо хүргэж энэ мэдэгдэлд гарын үсэг зурсан. Мөн Баяр наадмын тухай хуульд 2003 оноос хойш өөрчлөлт оруулаагүй. Цаг үеийн байдалтай холбогдуулж, өөрчлөлт оруулах шаардлагатай байна" хэмээлээ.

Улсын арслан Ц.Содномдорж "Би хүрэлцэн ирсэн бөхчүүдтэйгээ санал нэг байна. "Эх эе" хуралдах цаг нь болсон. Барилдаж буй бөхчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шударга, үнэн гэдэг зүйл алдагдаж буй учир бөхчүүд нэгдээд, холбоогоо цаашид сайхан авч явахыг уриалж байна" гэв.