Хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хилийн хориг тогтоогоод байв. Цагдаагийн ерөнхий газраас сүүлд өгсөн мэдээллээр тэрбээр цагдан хорионы шүүх хуралд орох гэж байхдаа гавтайгаа зугтсан ч баривчилсан юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлсэн.

 Гэтэл яллагдагч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа шүүхээс оргон зайлсан тул прокурор дээрх нөхцөл байдлаас шалтгаалж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй тул Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргасаны дагуу Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбаярт 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Эрдэнэбаярыг олж тогтоон саатуулан 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1 (нэг) сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.