ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах нааштай мэдээг Ерөнхий сайдын айлчлалын үеэр дуулгасан. Хэрэв манай нутгаар жишээ нь 38 тэрбум шоо метр хий дамжуулах юм бол жил бүр бараг нэг тэрбум орчим ам. долларын орлого олох нь. Үүнээс гадна Улаанбаатарыг утаанаас салгахын зэрэгцээ өөрийн орны хийн хоолойны асуудлыг бүрэн шийднэ гээд олон давуу талтай.  

Гэхдээ хэдэн Засгийн газар дамжин яригдаж ирсэн уг асуудал бүтэх эсэх нь ч одоохондоо ярианы түвшинд л байна.

Мэдээж сонгууль ойртсон энэ өдрүүдэд эрх баригчид популизм хийж байгааг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг батлах мэт Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж хэдхэн хоногийн өмнө “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, “Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд" гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэсэн үг, “Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” хэмээн жиргэжээ.

Өөрөөр хэлбэл  ОХУ-аас БНХАУ руу тавих хийн хоолойн асуудал сонгуулийн өмнөх шоу, бүтэхгүй үлгэр гэдгийг хэлж твиттерийн ярианы сэдэв болов.

Тэгвэл хэдхэн сарын өмнө https://www.businessinsider.com/ сайтад ч мөн шинжээчид хийн хоолойг Монголоор дайруулах нь бүтэхгүй асуудал гэдгийг мэдээлжээ.

Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу "Монголоор дамжуулан нийлүүлэлт хийх маршрут нь тээвэрлэлт болон бусад нөхцөл байдлын хувьд илүү үр дүнтэй байх бол "Алтай" төслөөр нийлүүлэлт хийх нь Хятадын хамгийн өндөр хэрэглээтэй зах зээлд байгалийн хийг хүргэж чадахгүй, үр ашгийн хувьд алдагдалтай байх юм. Харин ОХУ-ын хувьд "Алтай" төсөл нь илүү өгөөжтэй. Учир нь Баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг "Алтай" төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм" хэмээн мэдэгдсэн байдаг. 

Мөн "Газпром”-ын нийлүүлэлт ирэх сараас эхлэнэ, хийн хоолой тавих ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай яваа аж. Ийм нөхцөлд чиглэлийг өөрчлөн, Монголоор дайруулах боломжгүй” гэсэн таамаглал өндөр байгаа аж.

Яг энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахад "Монголын нутгаар дайруулан Хятад улс руу хий нийлүүлэх хоолой тавих цаашдын байдалд дүн шинжилгээ хийх, мөн үзүүлэлтүүдийг нь тодорхойлох ажлын хэсгийг Орос, Монгол удахгүй байгуулна гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдээлсэн байна.

Юутай ч эсрэг тэсрэг үйл явдал, байр суурь хөвөрсөөр байна. Хэрхэх эсэх нь сонгуулийн дараа л тодорхой болох нь.

2011 онд БНХАУ руу нефть нийлүүлэх шууд хоолой тавихаас өмнө ОХУ Транс-Сибирийн хоёр төмөр замаар дамжуулан Хятад руу нийлүүлэлт хийхийг оролдсон. Ерөнхийдөө нийлүүлэлтийг Монголоор дамжуулахгүй БНХАУ-тай хил залгаа Өвөр Байгалын хязгаараар хийж байсан. Үүнээс гадна багахан хэмжээний нийлүүлэлтийг Монголоор дамжуулан хийдэг байсан боловч БНХАУ энэ тээвэрлэлтийн маршрутыг аюулгүй байдлын хувьд хангалтгүй гэж үзсэний улмаас дахин Монголоор дамнуулан тээвэр хийхийг бүрэн зогсоосон билээ.