"Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяны” хүрээнд 209 сая ам.долларын үнэт металл худалдан авлаа

“Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг хагас жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Аяны хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчидтай уулзалт сургалт хийх, тэдэнд тулгарч буй бэрхшээл хүндрэлийг судлах, арилжааны банкуудад алтны худалдан авалтыг нэмэгдүүлэхэд харилцагчдадаа мэдээлэл өгөх гарын авлагаар хангах зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх байдлаар Монголбанк аж ахуйн нэгж, иргэдээс нийт 6.8 тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 209 сая ам.доллараар нэмэгдүүллээ. Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг ойртуулснаар 2019 онд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст 126 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбарт 221 кг үнэт металлыг тус тус худалдан аваад байгаа юм.