БАНГКОК. /TASS/. Мьянмарын эрх баригчид дөрөвдүгээр сард өршөөлд хамрагдсан 6520 хоригдлыг мягмар гарагт суллана гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.    

Тус агентлагийн мэдээлснээр, суллагдах хүмүүсийн дотор төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэргээр 2018 оны есдүгээр сарын 3-нд гурван жил хоригдох ял авсан, “Reuters” агентлагийн хоёр сэтгүүлч байгаа аж. Тэд исламын шашинт рохинжа үндэстнүүдийн нөхцөл байдлын талаар, Ракхайн мужид болж буй үйл явдлыг сурвалжилжээ.

Мьянмарын эрх баригчид рохинжа нарыг Бангладешаас ирсэн хууль бус цагаачид гэж үздэг бөгөөд хэдийгээр энэ үндэстний төлөөлөгчид тус улсын нутаг дэвсгэрт олон жил оршин сууж байгаа боловч тэдний иргэний харъяалал авах эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байна.

Мьянмарт дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн Шинэ жилийн уламжлалт баярын үеэр хоригдлуудад өршөөл үзүүлдэг аж. Тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 17-нд 9000 гаруй, 26-нд 7000 орчим хоригдолд өршөөл үзүүлжээ. Улс төрийн хэргээр шоронд хоригдож буй хүмүүсээс ердөө хоёрхон хүнд өршөөл үзүүлсэнд хүний эрхийн байгууллагынхан харамсаж буйгаа мэдэгджээ.



Эх сурвалж: Монцамэ агентлаг