Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Энэ жил өвөлжилт нэлээд амаргүй болох шинж ажиглагдаж байна. Улсын хэмжээнд нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. Зудын эрсдэлийн үнэлгээгээр 10 аймгийн 72 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа Баянхонгор аймагт нэн өндөр эрсдэлтэй байна.

Тиймээс Засгийн газар малчид, хөдөөгийн иргэд рүүгээ хандсан багц арга хэмжээг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргаж, өвөлжилт хүндэрч буй аймгуудад авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. Энэ дагуу тодорхой аймаг, сумын малчдад дэмжлэг үзүүлнэ.

Зарим бараа /хүнсний бүх төрлийн будаа, ургамлын тос, малын тэжээл/-г гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталсан. Тус хууль энэ долоо хоногоос хэрэгжиж эхэллээ. 

Өвөлжилт хүндэрч буй аймгуудын малчдад Улсын нөөцөөс 3800 тонн өвсийг үнэгүй, 1900 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэлээ" хэмээлээ.