Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгдэж, 3.3 сая хүн өвчлөөд байна. Тэдний нэг сая гаруй нь эдгэрч, 234 мянган хүн нас баржээ.

Манай улсын хувьд коронавирусийн нийт 38 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь эдгэрсэн, 28 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өчигдрөөс эхлэн ойрын өдрүүдэд тусгай үүргийн гурван онгоцоор гадаадаас иргэдээ авчрахаар шийдвэрлэсэн. ЭМЯ өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ маргааш буюу 5 дугар сарын 02-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх хүмүүсийг өндөр эрсдэлтэй гэж тооцоолж буйгаа мэдэгдсэн.

Мөн дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн өвчлөлийн нийт тохиолдлын 40 хувь нь хамт олон болон ажлын байранд дэгдсэн гэдгийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулсан.

Үүнтэй холбоотойгоор коронавирусийн үед аж ахуйн нэгж, байгууллагууд юуг анхаарах шаардлагатай талаарх ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг хүргэж байна. 


Аж ахуйн нэгж, байгууллагууд коронавирусийн үед юуг анхаарах вэ?

  1. Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
  2. Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
  3. Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  4. Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
  5. Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
  6. Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
  7. Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
  8. Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
  9. Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
  10. Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
  11. Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
  12. Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
  13. Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
  14. Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
  15. Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
  16. Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
  17. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах