БИШКЕК. /ТАСС/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг тус улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд баривчилжээ. 

"Удаан хэлэлцээ хийсний эцэст тэрбээр бууж өгөхөөр шийдсэн. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд түүнийг Бишкек рүү авч явсан. Ерөнхийлөгч асантай түүний зөвлөхүүд болох Фарид Ниязов, Кундуз Жолдубаева нар байгаа" гэж штабынх нь төлөөлөгч ТАСС агентлагт мэдээлсэн байна. 

Атамбаевыг баривчилсан гэх мэдээллийг тус улсын Дотоод хэргийн яам /ДХЯ/ нотолсон байна.  "Түүнийг ДХЯ-ны Мөрдөн байцаах газарт хүргэсэн" гэж тус яамны төлөөлөгч хэлжээ. Төлөөлөгчийн хэлснээр, "Eрөнхийлөгч асанд ямар нэгэн байдлаар дарамт  шахалт үзүүлээгүй бөгөөд бүх эрхийг нь сахин мөрдөж байгаа аж". Үүний сацуу Атамбаеван өмгөөлөгч Сергей Слесаревын мэдээлснээр, түүнийг "цагдан хорих анги руу шилжүүлж" магадгүй байна. 

Киргизийн Ерөнхийлөгч асныг баривчлах тусгай ажиллагаа бараг нэг хоног үргэлжилсэн юм. Лхагва гарагийн орой Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны тусгай алба тус улсын нийслэл хотын захад оршдог Кой-Таш тосгонд Атамбаевыг хүч хэрэглэн баривчлахыг оролдсон боловч амжилтгүй болсон байна. Ерөнхийлөгч асны өргөөг хамгаалж байсан дэмжигчид нь дайралтыг няцааж, тусгай албаны зургаан алба хаагчийг барьцаалжээ. Үүний дараахан хүч нэмэгдүүлэхээр ажиллагааны газарт ирсэн цагдаа нар болон Атамбаевын талынхны хооронд мөргөлдөөн болж эхэлсэн байна. Мөргөлдөөний улмаас тусгай албаны нэг алба хаагч амиа алдаж, 52 хүн шархдаж, гэмтсэний дотор сэтгүүлчид, хууль сахиулах байгууллагын ажилтнууд байгаа аж. 

Атамбаевыг баривчлах хоёр дахь ажиллагааг пүрэв гарагт явуулсан бөгөөд үүнд хэдэн мянган цагдаа, болон тусгай хүчнийхэн оролцсон байна.



Эх сурвалж: Монцамэ агентлаг