11 дүгээр Панчен Лам одоо амьд сэрүүн, 31 настай, их сургууль төгссөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан гэнэт хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэрээр өөрөө болон түүний гэр бүлийнхэн нь "одоогийн хэвийн амьдрал"-аа үймүүлэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн байна.

25 жилийн өмнө буюу 1995 оны 5 дугаар сарын 14-нд Гэндэнчойжийнямыг (Gedhun Choekyi Nyima) 6 настайд нь 14 дүгээр Далай Лам Түвдийн бурхны шашны хоёр дах том хүн болон 10 дугаар Панчен Ламын хойд дүрээр тодруулсан боловч Хятадын эрх баригчид түүнийг хамгаалалтад авах нэрээр авч явсанаас хойш сураггүй алга болсон юм.

Түүний дараа БНХАУ-ын Засгийн газраас "жинхэнэ" 11 дүгээр Панчен Ламаар Жанцанноровыг (Gyancain Norbu) 1995 оны 12 дугаар сарын 8-нд нэрлэсэн юм. Жанцанноров Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх хуралд төлөөлөгчөөр суудаг юм байна.

10 дугаар Панчен Лам Түвдэд эргэн ирж 1959 онд эвдэн сүйтгэгдсэн өмнөх Панчен Ламын бунханг засах, ясыг нь дахин оршуулах ажлаар ирсэн ч 1989 оны 1 дүгээр сарын 28-нд 50 насандаа Хятад улсад зүрхний шигдээс өвчнөөр нас барсан юм. Нас барахаасаа 5 хоногийн өмнө Түвдэд олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ "Хятад Түвдийг чөлөөлсөнөөс хойш мэдээж хөгжил, дэвшил гарчээ. Гэхдээ энэ хөгжил дэвшилд бидний төлсөн үнэ цэнэ бидний олсноос ч илүү байжээ" гэсэн байна.