УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар нийт хүүхдэд хүүхдийн мөнгийг бүрэн олгоход шаардагдах 104,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ. Ингэснээр энэ оны наймдугаар сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй байгаа Монгол Улсын нийт 1043180 хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох боломж бүрдэж буй юм.

Сангийн яамны Төрийн сангийн газраас холбогдох санхүүжилтийг бүрэн хийсэн тул өнөөдрөөс буюу арван нэгдүгээр сарын 9-нөөс наймаас аравдугаар  сарын хүүхдийн мөнгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгож эхэллээ.

 Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш сонгосон банкнаасаа авах боломжтой юм. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хоригоос болж хугацаа алдсандаа нийт эхчүүдээс уучлал гуйж байна" гэсэн байна.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Сангийн яам хүүхдийн мөнгөний санхүүжилтийг шилжүүлж эхэлжээ. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар хүүхэд бүрийн нэрийн данс руу 8-10 дугаар сарын мөнгийг бүрэн шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэх аж.

Хүүхдийн мөнгө тус бүрийн дансанд энэ сарын 13-нд орох юм.

Шинэ төрсөн хүүхдийн мөнгийг хэрхэн авах вэ?

Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.