Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн шөнийн цагаар түгээхийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцаллаа. Улмаар өнөөдрөөс эхлэн хүнс, эм ханган нийлүүлэх бүх төрлийн түгээлтийг 07:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

Энэ талаар НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд аж, ахуй нэгж, байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагын түгээлттэй холбоотой өргөдөл гомдол их ирсэн. Иймд өнөөдрөөс эхлэн 07:00-17:00 цаг хүртэл хүнс, эм ханган нийлүүлэх бүх төрлийн түгээлтийг шуурхай зохион байгуулах шийдвэр гаргасан" хэмээлээ.

Мөн тэрээр "Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа иргэд, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулан ажиллаж байна. Коронавирусийн голомт болсон Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гадаргууг тогтмол халдваргүйжүүлж байна.

Шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрч байгаа түгээлт, үйлчилгээний жолооч, зорчигчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 45 тонн махыг худалдан, борлуулж байна. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Мөн ариутгалыг 20 байгууллага нийт 843 аж ахуй нэгж цэгийн 152100 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийсэн. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3437 иргэнийг шинжилгээнд хамруулсан” гэв.

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагч цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.


Эх сурвалж: ОБЕГ