Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Туул голын эрэг дагуу болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж ажиллалаа. 

Туул голын эрэг дагуу залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, сүүдрэвч, гэр бүлийн амрах хэсэг, спортын талбай, амрах сандал, худалдаа үйлчилгээний цэгүүд, авто машины нэгдсэн зогсоол, бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай, гэрэлтүүлэг, зүлэг мод бүхий орчныг бүрдүүлсэн явган хүний зам, дугуйн зам барихаар 26 аж ахуйн нэгж нэгдэн өөрсдийн санаачилгаар “Хатан Туулаа хамтдаа хөгжүүлье” нийгэмд үйлчлэх ТББ байгуулан ажиллаж байгаагаа хотын Захирагчид танилцуулав.

Ажлыг хийж гүйцэтгэх санаачилга гаргасан аж ахуйн нэгжүүдэд хандан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллана. Та бүхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдөө зураг төслөө гаргаж, байгаль орчныхоо асуудлыг шийдье, хотын захиргаанаас баримталж байгаа иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах ажилд бодитоор оролцъё гэсэн санал санаачилга гаргасанд талархаж байна. Энэ ажлыг гүйцэтгэхэд хамгийн чухал нь явган хүний болон дугуйн замын чанар, өнгө үзэмж, аюулгүй байдлыг анхаарах ёстой. Мөн бид бүхэн ажлын уялдаа холбоогоо бүрэн хангаж, аль аль тал нь үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллах нь зүйтэй гэдгийг энд онцолъё” хэмээн хэллээ.

Үүний дараа хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллаж, Баганат хаалганы орчимд овоолсон шороо, элс хайргыг зайлуулж, ногоон байгууламж болгон тохижуулахыг тус  хүрээлэнгийн орлогч дарга Б.Алтансүхэд даалгалаа.

Яармагийн шинэ гүүрний орчимд ногоон байгууламж, тохижилтын ажил хийхээр мод суулгасан байсныг тус газрын эзэмшигч гэх “Уран ган” компани газрын маргааны асуудлаас болоод суулгасан моддыг сүйтгэсэн тул Улаанбаатар хотын ЗАА-нд иргэдээс ирүүлсэн  гомдол, саналын дагуу нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. 

Хотын Захирагчийн зүгээс ногоон байгууламжийн тохижилтыг хийж буй үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудад ажлаа цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх үүрэг өглөө. Харин газрын маргаан үүсгээд буй “Уран ган” компанид хууль дүрмийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд асуудлаа тавьж, шийдүүлэхийг хүсээд, элдэв балмад үйлдэл гаргаж ажил гацаахгүй байх шаардлага тавив.  



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс