Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэхтэй холбоотойгоор нийгэмд нэлээн бухимдалтай байна. Гэтэл эсрэгээрээ татвар багаслаа гэж яригдаж байна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ? 

-1 сая 500 мянган төгрөг хүртэлх төгрөгийн цалинтай иргэдэд ямар ч өөрчлөлт үзүүлэхгүй. Нийгмийн даатгалын хувь хэмжээ багасаад ирэхээр татвар тооцох орлого нь багасна гэсэн үг. Үүний дараа татварын хөнгөлөлтийн хувь хэмжээ гэж байдаг. Энэ нь 2017 онд 84 мянган төгрөг байсан бол ирэх онд 120 мянган төгрөг болж байгаа. 1,5 сая хүртэлх төгрөгт 10 хувь, 2 сая төгрөгийн үлдсэн хувь дээр нь 15 хувийг тооцно гэсэн үг. Ялангуяа бага орлоготой хүмүүст эсрэгээрээ хөнгөлөлт болж өгнө.  

-Өндөр цалинтай хүмүүс хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Судлаад үзвэл 15-20 хувийн татвар төлдөг иргэд цөөхөн. Нийт иргэдийн 4-5 хувийг л эзэлдэг. Үүнийг зарим иргэд Үндсэн хуульд бүх хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэж шүүмжилдэг. Мэдээж энэ бүхэн амаргүй байгааг аль аль тал нь ойлгож байгаа. Дэлхийн олон улс оронд шаталсан татвартай байдаг. Энэ нь ардчилал хүний эрхийн эсрэг бодлого биш. Нийгмийн орлоготой нэг хэсэгт өндөр татвар оногдуулдаг олон улсын жишиг юм. Өнөөдөр гэхэд төсвийн орлогын 70 хувийг татвар бүрдүүлдэг. Энэ чинээгээрээ төр үзүүлж байгаа үйлчилгээгээ тэлэх ёстой. Ялангуяа манайх шиг хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох бага насны хүүхэд, ахмадын тоогоор тэргүүлдэг улсад халамжийг хүртээхийн тулд татвар нэмэхээс өөр аргагүй. 

-Нөгөө талаас энэ шийдвэр ажил олгогчдыг багагүй бухимдуулсан. Энэ тал дээр дахин ОУВС-тай ярилцаж боломж бий юу?

-Бид ОУВС-тай хамтарч ажиллаад нэг жил ч болоогүй байна. Энэ хөтөлбөр нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Бид ОУВС-тай олон асуудал дээр ярилцаж тохиролцоонд хүрсэн. Жишээ нь малчдын тэтгэврийн насыг 5 насаар наашлуулахыг дэмжүүлж чадлаа. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувь байсныг 80 хувь болгохоор ярьж байна. Нөгөө талаасаа бид бүх нөхцөлөө яриад байвал ОУВС-ийн хөтөлбөр боломжгүй болж ч магадгүй юм. Энэ хөтөлбөр яагаад хэрэгтэй юм бэ гэж зарим иргэд бодож байж мэднэ. Монгол улсын хүн ам өсч байгаа цагт улс өөрөө төрийн үйлчилгээгээ авч явахын тулд төсөв дээр нэлээн дарамт ирдэг. Тиймээс үүн дээр 2018, 2019 онд ОУВС-гаас орж ирэх 3.3 тэрбум долларын талаас илүү хувь нь төсвийн дэмжлэг болон орж ирж байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад итгэхээ больсон энэ цагт ОУВС-тай хөтөлбөр тохирох нь ашигтай. Энэ нь гадны хөрөнгө оруулагч нарт гол гол хууль тогтоомж нь өөрчлөгдөхгүй юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлнэ. 

-Он гараад Монгол улс өр төлбөр барагдуулах ёстой. Энэ тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?

-Монгол улс энэ онд 660 сая орчим долларын өр төлөх ёстой. Үүнийг 2017 онд Гэрэг бондоор хаана. Гэхдээ эдийн засаг эмзэг хэвээрээ энэ үед 3.3 хувийн өсөлт гэдэг өнөөгийн нөхцөл байдалд хангалттай биш. Ялангуяа ийм их өрийн дарамттай байгаа нөхцөлд. Үүнээс илүү өсөлттэй байж  өрийг дарж барагдуулна. Нөгөө талаасаа томоохон төсөл хөтөлбөрт анхаарах ёстой. Ингэж байж эдийн засагт ДНБ-ий эзлэх өрийн хэмжээг багасгана.

-Ирэх онд эдийн засгийн зураглал ямар гарах бол?

-2018 онд эдийн засаг боломжийн байна. Үүнд мэдээж дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ сайн байгаа нь нөлөөлнө.  Энэ онд 32 орчим сая тонн нүүрс экспортлох дүр зураг харагдаж байна. Зэсийн хувьд манай экспорлож байгаа зэсийн хэмжээ багассан. Монгол улсын эдийн засаг  энэ онд 4.2 хувийн өсөлттэй, ирэх онд зургаан хувийн өсөлттэй байх таамаг бий.