Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн саналаа өглөө.

Тэрээр саналаа өгснийхөө дараа "Эрх, үүргийнхээ дагуу өнөөдөр сонгуульдаа оролцож, саналаа өгч байна. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад вэ гэхээр тухайн орон нутагт байгаа иргэд, ажилчид, малчид нийгмийн харилцаанд орох, ажил төрлийнхөө холбоосыг хариуцуулах дарга нараа сонгодог учир их чухал.

Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ нь ирц бага байна гэсэн үг. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулиа өгөөгүй байгаа иргэд санаачлага гарган санал хураалтын цаг дуусахаас өмнө ирж саналаа өгч, иргэнийхээ эрх, үүргийг биелүүлэх хэрэгтэй байна.

Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж, дараа нь хариуцлага тооцох нь нэхэх  нь уялдаагүй, боломжгүй. 

Жишээлбэл, хүүхдийн шар автобусыг худалдан авсан үнийн асуудал дээр маргаан гарсан байна. 40 мянга, 45 мянган, 50 мянга, 130 мянган ам.доллар гэх зэргээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид тендерт хяналт тавьж ажилласан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх жишээтэй.

Ийм учраас өөрчлөлтийг сонгуулиар хийдэг ардчиллын алтан зарчим бий. Үүнийг хийхийн төлөө иргэд маань аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна" хэмээлээ.


Ерөнхийлөгчийн санал өгөх явцаас гэрэл зургаар хүргэж байна.