Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааг өнөө орой хааж, санал хураалтыг энэ сарын 15-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор "санал тооллогын хар машиныг эрх баригчид хакердахаар завдсан" гэх мэдээллийг Хэвтүүл хөдөлгөөн болон МАХН-аас өчигдөр мэдэгдсэн.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр мэдээлэл хийж, "Хар машиныг хакердах ямар ч боломжгүй. Хяналтын гар тооллого, хар машины дүн хоёр зөрсөн тохиолдол байхгүй. Хакердахыг завдаж байна гэсэн илтэд худал мэдээлэл тараасан асуудлыг шалгуулахаар тагнуулын байгууллагад хандсан" хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлаар дахин мэдээлэл хийв. Мэдээлэлд хэвлэлийнхэн болон Хэвтүүл хөдөлгөөн, МАХН-ын төлөөлөгч, зарим иргэн оролцлоо. 

Энэ үеэр МАХН-ын ГТ гишүүн Э.Эрдэнэжамъяан "Хар машинтай холбоотой зөрчил яригдаж байна. Энэ нь эрх баригч намтай холбоотой болохоор СЕХ бид мэдэхгүй, шүүх мэднэ гэж ярьж байна. Бусад намтай холбоотой асуудлыг дор нь шалгаад шийдвэрлэчихдэг. Хар машинтай холбоотой бичлэгт гарсан н.Гангамөрөн, Сэмжидмаа, IT-гийн хүмүүсийн ярьж буй яриаг шүүх шийдээгүй байна. Та нар яагаад шүүхэд хандахгүй байгаа юм. Тагнуулын байгууллага яагаад шалгахгүй байгаа юм бэ. Та нар зүгээр ирээд тайлбарлаж аргалах гэж байна. Энд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдах гэмт хэрэг яригдаж байна. Завдчихаад байна. Гэтэл та нар баривчлаад, шалгаад, асуугаад ажиллах ёстой" хэмээв.

Мөн Хэвтүүл хөдөлгөөнөөс "Нэг машин дээр туршилт хийж үзчихээд бүгд асуудалгүй гэж үзэх нь өрөөсгөл" хэмээгээд санал тооллогыг 100 хувь гараар тоолж, саналаа өгсөн иргэдэд бэхэн тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Мөн хар машиныг хакердах талаар яриа нь дэлгэгдсэн Гангамөрөн, Сэмжидмаа нарын нэрийг татах, Баянгол дүүрэгт мөнгө тараасан гэх Ж.Батбаясгалан нарын асуудлыг яаралтай шалга гэсэн шаардлагыг СЕХ-нд өглөө.

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн байгууллага сонгуулийг зохион байгуулж явуулдаг болохоос зөрчил, гэмт хэргийг шалгаж тогтоодог байгууллага биш. Зөрчил, гэмт хэрэг гарсан байна гэдгийг эрх бүхий байгууллагууд шалгаад тогтоосон тохиолдолд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг үндэслээд сонгуулийн хороо хуульд заасан ара хэмжээг авдаг. Мөн сонгуулийн тухай хуульд сонгогчийг саналаа өгсөнийг илэрхийлэх ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно гэж тодорхой заасан байдаг. Иймд бэхэн тэмдэглэгээ хийх эрх зүйг орчин байхгүй. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэлх хувьд нь хяналтын гар тооллого хийнэ гэж хуульчилсан. Энэ үйл ажиллагааг сонгууль бүрээр хийдэг. Энэ удаа ч хийнэ. Тэр 50 хувь нь аль хэсэг байх вэ гэдгийг та бүхний оролцоотойгоор сонгодог" хэмээлээ.

Улмаар талууд хар машины ажиллагааг шалгаж үзэхээр, нийслэлийн аль нэг хороог сугалан сонгож, туршилтын санал хураалт явуулахаар болов.

Яг одоо туршилтын тооллого хийхээр сонгон сугалсан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар сонгуулийн хороо руу СЕХ-ныхон болон хэвлэлийнхэн, иргэд, нам, төрийн бус байгууллагын төлөөллүүд явж байна.