Хэдэн ч сар хэл ам, хэрүүл тэмцэлтэй байсан АШУҮИС-ийн захирлыг ажлаас нь чөлөөлж оронд нь Ж.Цолмонг томилсон билээ. Гэсэн хэдий боловч зарим багш нар Ж.Цолмонг ийнхүү томилсоныг эсэргүүцсэн юм. Тэд "Ж.Цолмонг АШУҮИС хүлээн зөвшөөрөхгүй, Академик байгууллага улс төрийн томилгооноос хол байх ёстой, Анги танхимыг албан өрөө болгохоо боль, АШУҮИС нь МАН-ыг санхүүжүүлэгч биш, АШУҮИС -ийн удирдлагын бүтцийг Ж.Цолмон томруулж байна, 60 тэрбумын сүлжээгээ АШУҮИС-д хэрэгжүүлэхээ зогсоо" гэсэн бичиг өргөн эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл уг асуудлаар АШУҮИС-ийн захирал Ж.Цолмонгоос тодруулга авлаа. Тэрбээр уг асуудал дээр ийнхүү байр илэрхийлж байна.

"Багш нар маань ажлаа хийдгээрээ хийж байна. Ганц хоёр орон тооны өөрчлөлт бий. Тухайлбал санхүү эдийн засгийн асуудлыг дэд захирлыг шинээр томилсон. Гэхдээ энэ орон тоо сул байсан. Энэ ажлыг өмнө нь санхүү эдийн засгийн албаны дарга Нацагдорж 40 хувь хавсарч хийж ирсэн. Одоо үндсэн ажлаа хийнэ. Миний томилгоог 60 тэрбумын төлөвлөгөөний нэг хэсэг гэсэн яриа гарсан байна билээ. Би үүнийг эсэргүүцнэ. Ер нь бол энэ томилгоо намынх биш шүү дээ, төр өөрийнхөө томилгоог хийгээд АШУҮИС-ийн удирдлагыг сольсон. Энэ сургуулийнхаа цаашдын үйл ажиллагааг зогсолтгүй тасралтгүй явуулах, олон зорилтыг биелүүлэхээр намайг томилсон гэж үзэж байгаа. Энэ хэрээрээ надад асар их хариуцлага ноогдсон. Тиймээс сургуулийнхантайгаа нэг баг болж болж бүтэхгүй алдсаныг нь залруулж, хүрсэн амжилтыг нь бататгаж явна. Зарим багш нар эсэргүүцэж манай сургуулийн өмнөөс байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ хэдхэн багш бүх багш нарыг төлөөлөх эрхгүй. Ажлаасаа чөлөөлөгдөөгүй, өөрсдөө л ажлаа таслаад яваа юм. Цаашид сургуулийнхаа багш ажилчдад олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20 хувиас доошгүй нэмэгдүүлж ажиллана. Мөн оюутны хөдөлмөрийн биржийг бий болгож “орлоготой оюутан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Үүнээс гадна сургалтын чанарыг сайжруулахын тулд шаардлагатай 40 тэрбум төгрөгийг 2019 онд улсын төсөвт суулгуулахаар ажиллана."