“Монгол наадам Монголын өв соёл болох нь” сэдвээр СУИС-ийн Соёлын сургуулийн соёл судлалын сургалт, судалгааны профессорын багийн Тэргүүлэгч профессор, соёл судлалын ухааны доктор (Ph.D), профессор Ж.Долгорсүрэнтэй ярилцлаа.


- Та бол монгол өв уламжлалыг соёл талаас нь олон жил судалсан мэргэжилтэн. Монгол наадмын үнэ цэнийг соёл талаас тодорхойлбол?  

- Монгол наадам бол монгол үндэстнийг бусад үндэстнээс ялгах цогцолцор соёл гэж ойлгох ёстой юм. Монгол наадамд монголчуудын эрхэм дээд хүслэн болсон үнэт зүйлс цөм багтсан байдаг. 

Тухайлбал, монгол хүний мал сүргээ хариулан өсгөж байгаа арга ажиллагаа, мэдлэг ухаан, түүгээр бүтээгдсэн монгол идээ ундаа, хувцас хунар, орон гэрийн соёл, монголчуудын морь малынхаа хүч тамир, хурдыг таньж мэдсэн уяа сойлгын соёл, малчин ардын хүндлэх мэндлэх, эрхэмлэн дээдлэх ёсон монгол наадамд бий. Мөн цэц мэргэнээ сорих урлаг, түүнийг дагалдуулан үр хүүхэд, залуу үеэ төв түвшин болгож төлөвшүүлдэг ардын ухаан, зан заншил, хүч тэнхээ, оюуны бядаар уран мэхээ уралдуулж түмэн олноо баясгасан ухаант мэргэдээ хүндэтгэн эрэмбэлэх ёсон, ардын язгуур урлаг болон орчин үеийн соёл, урлагийн охь манлай бүхнийг монгол наадам өөртөө цогцлоосон байдаг. Монгол наадмын энэхүү дотоод нарийн бүтэц нь монголчууд биднийг нэгтгэн зангидах хүч болон оршдог учир наадам бол ихээхэн үнэ цэнтэй цогцолбор соёл юм.  

Эрийн гурван наадамд цэц мэргэнээ сорьдог монгол сурын харваа бол хүнээс нарийн мэдрэмж, өөрийгөө цэгцлэн удирдах ухаан, төрмөл авьяас шаарддаг урлаг юм.  Монгол сурын харваачдыг бэлтгэх тогтсон ёс, зан заншил нь залуучуудыг төвлөрөх эрдэмд сургаж, зөв хүн болгон төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэдэг. 

Тухайлбал, Монгол Улсын мэргэн харваач Э.Цогтбаярын ярьснаар бол архи уусан харваач бүтэн сар олигтой төвлөрч харваж чаддаггүй учир харваач хүн архийг цээрлэдэг гэснийг хүмүүс санаж явахад илүүдэхгүй.

Монгол бөхийн тухайд өнгөц харахад монгол эрчүүдийн бяр чадлын тэнхээг гайхуулдаг соёл мэт. Гэтэл түүний цаана монгол хүний ёс жудаг шингэсэн хамгийн эрхэм чанарууд монгол бөхийн соёлд бий.  Монгол соёлын эрэмбэлэгдэн оршдог тогтолцоог авч яваа субъек бол монгол бөх юм. 

Бөхчүүд эрдэм чадал, хүч тамирынхаа зэргээр эрэмбэлэгддэг уламжлалын цаана монгол хүний эрхэм чанар, хүн хүнээ хайрлах, хүн хүндээ найрсаг хандах, хүнийг хүндэтгэх ёс суртахууны үнэт зүйл энд оршдог. 

Үүний зэрэгцээ монгол бөх нь зодог, шуудаг, малгай гутал гээд гайхамшигтай урлагийг өвлүүлэн авч явна. Учир нь монгол хүний оёдог хатгадаг, сүлждэг, зангиддаг технологи, ур ухаан  бөхийн хувцсанд шингэсэн байдаг. Дээр нь монгол бөхийн цол гуншин нь бие даасан аман билгийн гайхамшигт соёлд багтана.  Цол дуудлагаар бяр тэнхээтэй, ёс жудагтай,  эрхэмсэг сайхан эр хүнийг магтан дуулдаг. Тиймээс бөхчүүдийг зарим залуусын яриад байгаа шиг зөвхөн булчингийн хүчийг уралдуулдаг мэтээр ойлгож болохгүй. Биеийн хүч чадал ч гэсэн асар нарийн эрдэм, ухааныг шавхсан уран мэхээс төрж гардаг. Тийм ч учраас хурдан морь, сур харваа, монгол бөхийн барилдаан гурав тус бүртээ цогцолбор шинжтэй бөгөөд эдгээр нь нийлж монгол наадам хэмээх цогцолцор соёлыг бүрдүүлж байгаа юм.

Монголчууд бидний хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмрийг тодорхойлдог нэг үнэт зүйл бол яах аргагүй монгол наадам. Нүүдэлчний сонгодог соёлыг бүтээж, жинхэнэ язгуур шинжээр нь хадгалж өвлөж, өнөөдрийг хүртэл өвлөн уламжилж ирсэнээрээ Монголчууд бид дэлхийн соёл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулж буй улс. Монгол наадам бол хүн төрөлхтний хосгүй соёл өв мөн. Тийм учраас Монгол наадам монголчуудыг дэлхий дахинд төлөөлөх чадвартай гэж хүлээн зөвшөөрөгдөөд НҮБ-ын ЮНЕСКО хүн төрөлхтний  биет  бус соё­лын өвдөө монгол наадмыг 10 жилийн өмнө 2010 онд бүртгэсэн байдаг. 

Наадам нь Монгол үндэстний оршихуйг бүх талаараа хангасан, монгол хүний үнэт зүйлийг өөртөө бүрэн дүүрэн тал бүрээс нь шингээсэн өв. Түүн дотор сүсэг бишрэл нь ч ордог. Бид морьд уралдахыг, бөхчүүдээ барилдахыг үзээд уухайлдаг, огшдог, бахархдаг. Энэ нь монгол хүн өөрийнхөө “би”-г олж, монгол үндэстэн, Монгол Улсын эрх чөлөөт иргэн гэдэгээ зүрх сэтгэлээсээ ухамсарлаж, бахархаж байгаа хэрэг л дээ.  

- Энэ бүхэн нь монголчууд хэзээ ч наадмаасаа татгалзах учиргүй юм аа гэж хэлэх гэсэн хэрэг болов уу?

- Ер нь ямар ч хүнд хэцүү үед, юу ч тохиолдож байсан монгол хүний үндэстнээрээ бахархах сэтгэл нь хэвээр байдаг. Тиймээс монгол наадмыг хүчээр хийж байгаа хэрэг биш, монгол хүн хүсч байгаа учраас хийж байгаа гэсэн үг. Монгол хүн болгон наадмаа, цагаан сараа хийж, бие биенээ хүндлэн дээдлэх эрхэм чанараа хадгалахыг хүсдэг. СУИС-ийн эрдэмтэн судлаачид монголчуудын үнэт зүйлийн судалгааны төсөл хэрэгжүүлээд одоо үр дүнг нь монголын төр, түмэн олондоо хүлээлгэж өгөхөд бэлэн болж байна. Үнэт зүйл гэдэг бол хүний эрхэм дээд хүслэн шингэсэн зүйлс юм. Монголчуудын үнэт зүйлийн эрэмбийн хамгийн эхэнд эх орон, Монгол Улсын төр, тусгаар тогтнол байгаа нь судалгаанаас харагдсан. Тэгвэл туурга тусгаар Монгол улс оршин байгаагийн баталгаа нь монгол наадам юм.

- Наадамчид маань түрүүлсэн морь, бөхөөсөө хөлс авна, соёолонгийн тоосонд даруулна гэцгээдэг. Үүнийг мухар сүсэг гэж шүүмжлэгчид ч бас бий. 

- Монгол хүн хад чулуу, мод ургамал гээд байгалийн бүхий л үзэгдэл, юмсыг эзэнтэй гэж амьдшуулан сэтгэдэг. Мөн малаа дэндүү сайн таньж мэддэг ард түмэн. Үүнтэй ч холбоотой болов уу. 

Тухайлбал соёолонгийн тоосонд орж буй нь нас бие, хүч тамир ид тэгширч яваа мориныхоо дээд хүчээр бүтээгдсэн тэр энергийг монгол хүн өөртөө хуваалцаж, ирээдүйд хүчтэй сайн сайхан явахыг бэлгэдэж буй зан үйл юм. Энэ нь хоосон мухар сүсэг гэхээсээ илүү монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээний илэрхийлэл, мөн хүндэтгэл дээдлэлийн илэрхийлэл болов уу

Ер нь монгол зан үйлээ мухар сүсэг байдлаар хүлээн авч, элдвээр хэлж шоолох нь бий л дээ. Энэ бол өөрөө өөрийнхөө соёлоос холдон хүнийссэн үзэгдэл гэж ойлгож болно. Үүнд харийн соёлын түрэлт ч нөлөөлж байна. Хятад, Солонгос, Америк соёлын түрэлт, түүнийг дагалдсан худалдаа үйлчилгээ бүх хэлбэрээр орж ирж байна. Энэ нь дэлхийн том гүрнүүд өөрийн соёлоор бусдыг байлдан дагуулах гэсэн хүчтэй бодлогын илрэл. Дэлхийн соёл иргэншлийн хамгийн сонирхолтой үйлдвэрлэл үйлчилгээ Ази руу шилжсэн. Учир нь Азийн улс орнууд соёлын уламжлалаа илүү хадгалсан, тэр чанараар соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлж байна. 

Өөрөөр хэлбэл үндэсний соёлыг баялаг бүтээх тал дээр илүү анхаарч инноваци шингэсэн брэнд үйлдвэрлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох замаар соёлын эдийн засаг, мэдлэгийн эдийн засгийг амжилттай тэлж байна. 

- Манайд монгол ахуй соёлоосоо холдож, таны хэлдгээр хүнийсэх үйл явц хэр газар авч байгаа бол? Эсвэл хөгжлийн явцад байдаг л үзэгдлүүд үү?

- Соёлоосоо холдож хүнийсэх гэдэг нь монгол хүн өөрийнхөө эрхэм чанарыг алдах тухай асуудал. Монгол өв соёл, уламжлалаа мэдэхгүй, өвлөн уламжилж авч явах үнэ цэнтэй зүйлээ ухаарахгүй, үнэт зүйлийн сонголт хийх чадваргүй болж байгааг соёлын хүнийсэх үйл явц гэж нэрлэдэг. СУИС-аас явуулсан үнэт зүйлсийн судалгааны үр дүнд монгол хүний ёс суртахууны үнэт зүйлс гээгдэж байна гэдэг дээр их олон хүн санал өгсөн байсан. Ёс суртахууны хэм хэмжээ алдагдах бодит байдал нь бидний хамгийн их анхааарах ёстой зүйл юм. 

Нөгөө талаасаа энэ бол дан ганц залуусын буруу биш юм. Өрнөдийн, америк, хятад, солонгосын янз бүрийн соёл урлагт автаж, кино, нэвтрүүлэг, дуу хөгжимд нь татагдах нь өөр орны үнэт зүйлсийг тээгч, өвлөн авагч болж хувирч байна гэсэн үг. Үүнийг соёл хүнийсэх гэж хэлээд байгаа хэрэг. 

Тийм учраас монгол соёл уламжлалаа наанадаж сануулах, болж өгвөл зүрх сэтгэлд нь суулгаж өгөх арга хэрэгсэл бол монгол наадам, цагаан сар зэрэг монгол түмний эрхэм чанар шингэж, бахархал болсон үнэт зүйлс юм. Ийм учраас монгол наадмыг мөнгөөр үнэлэх аргагүй. 

Наадам нь нэг талаасаа монголчуудын баяр цэнгэл. Нөгөө талаасаа соёлын үйлдвэрлэлийн брэнд бүтээгдэхүүн, цогц үйлчилгээ. Үүгээрээ монгол наадам бол нийгэм, эдийн засаг, улс төрийн гээд олон талын ач холбогдолтой. Дэлхий нийтэд монголоо таниулах, монголын талаарх эерэг имиж, төсөөллийг бий болгох, монгол үндэстэн өөрийнхөө соёлоор дэлхийн олон нийтэд танигдах нэг арга зам бол наадам мөн гэж хэлнэ дээ.  

- Гаднынхан хөөмий, морин хуур, уртын дууг сайн сурч, бас цааш нь түгээн дэлгэрүүлж байна. Үүнийг бид хэрхэн хүлээж авах ёстой юм бол? Зарим нь эмзэглэдэг л дээ.   

- Ер нь хүн өөрийн сайн сайхан, соёлыг бусадтай хуваалцаж байх нь хамтдаа оршин тогтнох үндсийг бүрдүүлдэг. Ялангуяа морин хуур, уртын дуу, хөөмий гээд монгол соёл урлаг, гоо сайхны сэтгэлгээний илэрхийлэл болсон соёлын өвийг дотоод, гадаадын хэнд ч заан сургах боломжтой бас шаардлагатай. Тэгснээрээ өөрийнхөө үнэ цэнтэй нууцлаг сайхан юмыг гадагшаа алдана гэж айгаад байдаг. Бид ч бас анхандаа тэгж эндүү боддог байсан. Манай СУИС-д гадны олон оюутан, судлаачид ирж сурдаг. Тэд хичнээн их сонирхож сайн сурч, сайхан тоглодог ч монгол хүн шиг тоглож, дуугаргаж  хараахан чаддаггүй л дээ. Монгол хүний дуугаралтын хэмжээнд хүрдэггүй, арай л өөр дуугаргаад байдаг. Алдагдахгүй гэдгийн учир энэ л юм билээ. 

Өөрөөр хэлбэл харийн соёлын хүн өөр үндэстний соёл, урлагийн үнэт зүйлийг сурахад өөрийнхөө соёлын хөрсөн дээр л буулгаж авдаг. Тийм учраас монгол хүний дуулах, хөөмийлэх, хуурдах уран чадварын хэмжээнд үр дүн нь гарч ирдэггүй юм байна.

“Өвгөн шувуу” уртын дууг тэр сайхан араатан жигүүртэн амьтнаа нүдээрээ харж, ахуйгаа мэдэрч өссөн монгол хүн л нүдэндээ харж, сэтгэлдээ ургуулж байж дуулна. Тэгвэл монголын байгаль, монгол ахуй дунд төрж өсөөгүй харийн соёлын хүн тэр соёл, урлаг гоо сайхны сэтгэлгээний нарийн мэдрэмжээр уг дууг дуулж уяруулан хайлуулж хараахан чадаргүйн учир энэ л дээ.

Соёлын олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ОУ-ын конвенцид соёлын биет бусөв дотор  соёлын орон зайг оруулсан байдаг. Тухайлбал, Орхоны хөндийн дурсгалт газар бол соёлын орон зай, биетөв гэж дэлхийн өвийн жагсаалтад 2004 онд бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл соёлын биет бус өв дотор соёлын орон зай өөрөө ордог. Тэр орон зай байхгүй бол тэр соёл байхгүй, оршин тогтнохгүй гэсэн үг. Жишээлбэл монгол хөөмий  нь Алтайн өндөр сүрлэг уулсын ар өврөөр нутагтай ард түмний дунд үүссэн. Тэр өндөр уулсын оройгоор нисч яваа араатан жигүүртнийг харж, тэр өндөр уулсын хүчтэй салхи, салхинд туугдсан цасны ширхэг болгоныг мэдэрсэн хүн ардаас гарсан гайхалтай аялгуу. Гэтэл тийм байгалийг, ахуйг мэдрээгүй нь яаж хөөмийлөх бол.

- Соёлын ижилсэж уусдаг, үгүй болдог, ондоошдог цаг үе, нөхцлийг хэлбэл? 

- Соёлын орон зайнаас үүдэж бүрэлдсэн эрхэм чанар, мэдрэмж, оюун ухаан монгол хүний зүрх, тархинд байгаа. Ялангуяа Монголын нүүдэлчний соёл бол оюунаас оюунд, амнаас ам дамжиж, цээжнээс цээжинд хавтаслагдан архивлагдсан байдаг. 

Монголын нүүдэлчний соёлын уламжлагдах нэг онцлог бол монгол хүмүүний амьд чадвараас амьд чадварт дамжиж өвлөгддөгт оршдог. Гэхдээ соёл шинэчлэгддэг ч дотоод мөн чанартаа тогтвортой шинжтэй юм. 

Нэг жишээ хэлье. Өтөлснөөс ч юм уу эсвэл ямар нэг шалтгаанаар хүний оюун санаа нь гээгдсэн, бүрмөсөн арчигдсан тохиолдол байдаг. Ийм хүмүүсийг эмчлээд оюун санааг нь сэргээх тохиолдолд хамгийн түрүүн өөрийнх нь уг удмын сан, төрөлх хэл амилдаг гэсэн судалгааны дүн бий. 

Бага насны дурсамж нь, удам дамжсан мэдээлэл нь сэргэдэг гэсэн үг. Монголчууд бага хүүхдээ заримдаа өмнөх төрлөө яриад байдаг гэж хэлж байдаг шүү дээ. Энэ нь өмнөх удмын сангаас дамжсан ген өөрийн ухамсаргүйгээр яриулаад байна гэсэн үг.

Ингэж соёлын генфонд буюу уг соёлын удмын сан ийм гүн гүнзгий оршдог байх нь. Иймд аливаа соёл уг язгуур чанараа тогтвортой хадгалж уламжлагддаг гэсэн үг. Гэхдээ соёлын шинэчлэл гадаад хэлбэрийн талд илүү илэрч байдаг бөгөөд энэ утгаар нь соёл харьцангуй хөдөлгөөнт шинжтэй юм гэж ойлгоно.

Тэгэхээр соёлын уламжлалыг монгол наадам баттай тээж яваа боловч наадмын хүрээнд орчин үеийн шинжтэй үзүүлбэр, тоглолт, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн зөндөө олширч байгаа нь монгол соёлын дотоодод уламжлал баттай хадгалагдсан мөртлөө шинэчлэл бас ямар нэг хэмжээгээр явагдаад байгааг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү монгол соёлын, тухайлбал, монгол наадмын уламжлал, шинэчлэлийн маш зохистой харьцаанд монголын төр, монгол үндэстэн тогтвортой хөгжиж цэцэглэх юм. 

- Танд баярлалаа.