УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн газраас зохион байгуулсан “Ирээдүйн төлөө бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хөрөнгө оруулах нь” сэдэвт олон улсын виртуал онц хуралдаанд оролцлоо.

Уг хуралд нийт 13 улсын парламентын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцож, коронавируст халдварын цар тахлын эсрэг арга хэмжээ авахад эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой санхүүжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэлд санал бодлоо солилцов.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын өргөн уудам газар нутагт анхан шатны тусламж үйлчилгээг Сум, тосгоны эрүүл мэндийн 334 төв болон Өрхийн эрүүл мэндийн 209 төвөөр дамжуулан үзүүлж байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр, төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах шаардлагатай байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаанаас, хэзээ ч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авдаг тогтолцоог бэхжүүлэхээр Монгол Улсын Их Хурлаас “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусган баталсан. “КОВИД-19” цар тахлын халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувьд дархлаа тогтсон гэдгийг олон улсын эрдэмтэд мэдээлж байна. Харин манай улсын хувьд дотооддоо халдвар алдаагүй тул иргэдэд уг вирусийн дархлаа тогтоогүй. 

Иймд бид цар тахлын эсрэг вакцин батлагдан гармагц яаралтай авч иргэдээ вакцинжуулан хамгаалах зорилго тавьж байна” хэмээн тэмдэглээд шаардлагатай арга хэмжээний төлөвлөлт, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа талаар танилцуулав.

ДЭМБ-аас албан ёсоор цар тахлыг зарласнаас хойш 6 сарын хугацаа өнгөрч, улс орон бүр урьдчилан таамаглаагүй зардлыг улсын төсвөөсөө зохицуулах шаардлага тулгарсан. “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг хариу арга хэмжээ авахад эрүүл мэндийн тогтолцооны үр ашгийг сайжруулах хэрэгтэй. 

Иймээс улс орон бүр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хөрөнгө оруулах нь “Ковид-19” цар тахлын тархалтын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авах, иргэдийнхээ амь насыг аварч, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ-аас онцолж байгаа юм. 

Иймд улс орнуудын парламентад хандан үндсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллах зөвлөмжийг өгчээ. Үүнд,

1. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын тухай хууль тогтоомж боловсруулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах;

2. “КОВИД-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх замаар эрүүл мэндийн тогтолцоог урт хугацаанд бэхжүүлэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн БНЭМХ-ын төлөвлөгөө, санхүүжилтийн талаар ярилцах;

3. БНЭМХ-ыг дэмжихэд чиглэсэн гүйцэтгэл, манлайллыг уялдуулах парламент дахь институцийн механизмыг бэхжүүлэх;

4. БНЭМХ-т хяналт тавих чиглэлээр холбогдох яамдтай хамтран ажиллах талаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.