Аймаг, нийслэл болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-20.00 цагийн хооронд улс даяар явагдаж дууслаа.

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 хүн өрсөлдөв. 

Сонгуулийн үр дүнд иргэдийг төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдох юм.

Сонгогчдын ирц 19:00 цагийн байдлаар 15 аймаг болон нийслэлийн нэг л дүүрэгт  50-иас дээш хувьтай буюу нийслэлд хэмжээнд 49 хувьтай, аймгуудын хэмжээнд 53 хувьтай байна гэдгийг СЕХ-ноос мэдээлсэн. Гэхдээ энэ удаагийн сонгуульд сонгогчдын ирц заавал 50 хувьд хүрсэн байх шаардлагагүй. 

"20:00 цагт санал хураалт хаагдсанаар санал хураалтын дүнгүүд СЕХ-ны төв серверт ирж эхэлнэ. Улмаар дүн нь 100 хувь ирсэн аймгуудын дүнг СЕХ-ны цахим хуудас дээр оруулна. Иймд сонгуулийн дүн 100 хувь ирсэн аймгуудын урьдчилсан дүнг СЕХ-ны веб сайтаас харах боломжтой. Сум, дүүргийн хэсгийн хороод өөрийн харъяалах нийт хэсгүүдийн 50 хувийг сонгож, хяналтын буюу гар тооллого хийнэ" гэж СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдээллээ.