“Их 20”-ийн бүлгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Аргентины нийслэл хотод өнөөдөр эхэлж байна. Уулзалт 12 дугаар сарын 1-нд өндөрлөнө. 

Өнгөрсөн оны 12 дугаар сард “Их 20”-ийг даргалах эрхийг хүлээж авсныхаа дараа Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри ирээдүйд ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг дэмжих, хүнсний салбарыг цаашид тогтвортой байлгах болон хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгожээ.

Гэхдээ өөр сэдвүүд халуухан маргаануудыг үүсгэж магадгүй байна. Уулзалтын дараа гаргах мэдэгдлийг хэлэлцэх үед үүсэх “хамгийн хэцүү асуудлууд нь” уур амьсгалын өөрчлөлт, ганд ногдуулах татвар болон цагаачлалын асуудал байх болно гэж "Их 20"-ийн уулзалтын үеэр хэлэлцэх сэдвүүд болон батлах гэрээ хэлцлүүдийг бэлтгэх асуудлыг хариуцсан Педро Вильягра Дельгадо 11 дүгээр сард мэдэгдсэн байна. 

Буэнос-Айресийн тунхаг бичгийг батлах хэлэлцээ “амаргүй” байх болно гэж “Их 20”-ийн бүлэг дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Светлана Лукаш лхагва гарагт онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч “Их 20”-ийн орнууд дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцоонд хүрч чадна гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

Аргентин улс даргалагч орны хувиар уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байсан ч баримт бичгийг батлах боломж олгохуйц найрууллыг баримт бичигт оруулахыг оролдоно гэж тус улсын "Clarin" сонинд бичжээ. Аргентины эрх баригчид “Парисын хэлэлцээрийг даган биелүүлэхээр төлөвлөж байгаа улс орнуудыг тус тусад нь бүлэг болгон хуваахаар төлөвлөж байгаа аж”.  Гэхдээ тус сонинд бичсэнээр оролцогч орнууд бүгд ийм буулт хийхэд бэлэн биш байгаа аж. 

Хоёр талын уулзалтууд

Дээд хэмжээний уулзалтын үеэр “Их 20”-ийн орнуудын удирдагчдын хоёр талын уулзалтууд болно. Эдгээрээс хамгийн анхаарал татсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Жиньпин нарын уулзалт байх болно. 

Аргентинд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улстай худалдааны хэлэлцээр байгуулах боломж бий гэж Вашингтон үзэж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн эдийн засгийн гол зөвлөх Лоуренс Кадлоу мягмар гарагт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Үүний сацуу тэрбээр хэрэв уулзалтын үеэр худалдааны гэрээ байгуулж чадахгүй бол АНУ Хятадын 267 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулж магадгүйг онцлон дурдсан байна. 

Хятадын Худалдааны дэд сайд Ван Шоувэнь мөн урьд нь мэдэгдэхдээ, “Их 20”-ийн уулзалтын үеэр хийх Трамп, Си Жиньпин хоёрын хэлэлцээ амжилттай болно гэж Бээжин найдаж байна гэжээ. 

Аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

Дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд Аргентины хууль сахиулах байгууллагын 22 мянга орчим ажилтан эмх журам сахиулна. Уулзалт болох болон зочид, төлөөлөгчид байрлах зочид буудал бүхий “Costa Salguero” төвийн ойр орчмын хэсгийг хоёр өдрийн турш хаах аж. 

Аргентины эрх баригчдын хувьд дээд хэмжээний уулзалтын өдрүүдэд болох эсэргүүцлийн ажиллагаанууд асуудал үүсгэж болзошгүй байна. 

Тус улсын Аюулгүй байдлын сайд Патрисия Буллричийн өмнө нь мэдээлснээр, хэд хэдэн жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлжээ. Эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд эрх баригчид олон нийтийн болон улс төрийн хөдөлгөөнүүдэд хандаж эсэргүүцлийн ажиллагаагаа тайван явуулахыг уриалжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS