“Гэрлэх ёслолын ордон” нь Засгийн газраас баталсан “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулжээ. Энэ оны нэгдүгээр сараас цэцэрлэг байгуулах үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэгийн хүүхдүүдийн 50 хувийг Гэрлэх ёслолын ордны ажилчдын хүүхдүүд, үлдсэн 50 хувийг СБД-ийн 143 дугаар цэцэрлэгт цахим бүртгэлээр хамрагдсан хүүхдүүд эзэлж байна. 

Байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг байгуулснаар ажилчдынхаа нийгмийн хамгааллын томоохон асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой гэдгийг тус байгууллагын хамт олон нээлтийн үеэр онцлон хэллээ

Гэрлэх ёслолын ордны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг болон харьяалагдах бөгөөд тус цэцэрлэгийн ахлах, туслах хоёр багш, мэргэжлийн тогооч тус тус ажиллах юм байна.