"Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тус холбоо 20 жилийн өмнө батлагдсан гэр бүлийн тухай хууль өнөө цагийн шаардлагыг хангаж чадахгүй болсон гэж үзэж буй. Тиймээс сүүлийн 3 сарын турш уг хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг явуулжээ.

Эдгээр иргэдийн саналуудыг тусгасан албан бичгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарт албан ёсоор хүлээлгэн өгөх ажээ.

Саналууд тусгаж Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт орсноор огцом өсөж буй салалтын тоо багасах магадлалтай хэмээн тус багийнхан үзэж байна. 

Сонирхуулахад шүүхээр шийдэгдэж байгаа 10 хэрэг тутмын нэг гэр бүлийн асуудал бөгөөд жилд 4000-5000 орчим гэр бүлд салдаг гэсэн статистик баримт бий.

Гэр бүлийн тухай хуульд оруулах саналуудыг хүргэж байна.

✔Гэр бүл салсны дараа хүүхдэд тэтгэлэг өгөх хүртэл олон жил өнгөрдөг, хүүхдүүд хохирдог. Иймээс төрөөс гэр бүл салсан тохиолдолд "Төрөөс эргэн төлөгдөх тэтгэлгийн сан" бий болгож тэр сангаас тухайн хүүхдүүдэд ногдох тэтгэлгийг олгож, хуулийн дагуу шийдвэр гарсны дараа эцгээс нь нөхөн төлүүлэх санал гарсан. 

✔Гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэхийг хуульчилж тогтоох

✔Гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бэлдэх

✔Гэр бүлийн асуудал, хүчирхийллийн цаана архины асуудал байдаг. Иймээс архины хэрэглээнд хязгаар тогтоох. Жич: Тамхины хяналтын тухай хууль шиг

✔Одоогийн хуульд төрөөс гэр бүлийг дэмжинэ гэж заасан. Гэхдээ яг яаж дэмжих нь тодорхойгүй учраас үүнийг хуульчилж, нарийвчилж заах

✔Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэх. Үүний цаад утга учир нь гэр бүл хамтдаа тогтвортой нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлнө

✔Гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулах

✔Гэр бүлээ батлуулж байгаа хүмүүс тест өгч, хариуцлагын талаар ойлголтоо нэгтгэх

✔Гэр бүл бүртгүүлэхээс өмнө хариуцлагын гэрээ байгуулах