Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт 8х8 метрийн хэмжээтэй иргэний байшин шатаж насанд хүрсэн 2 хүн, бага насны хүүхэд нас барсан талаар ОБЕГ мэдээллээ.

Галын дуудлагыг тус аймгийн албан хаагч нар 3 дугаар сарын 13-ны өдрийн 06:52 цагт хүлээн авч, орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай 5 цаг 15 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн 42 настай Г,14 настай Б, 6 настай хүүхэд нар өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэв.

Харин 17, 15 настай охид түлэгдэж, биеийн байдал хүнд байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт тухайн өдрийн 20:10 цагт  авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийжээ.

Гал түймэрт түлэгдсэн 2 хүүхдийг өчигдөр 07:30-17:20 цагийн хооронд ЗХ-ийн 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэн авчирч ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.