УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах барааны гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлсний дараа төлсөн татварыг татвар төлөгчид буцаан олгох асуудлыг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх үзэж холбогдох саналыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр хуулийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос төслийн 3 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс” гэснийг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэж  өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг  хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэний дараа хуулийн төслийг бүхэлд нь баталлаа.