УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд санал хэлэв. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан "Авто зам ашигласны төлбөрийг нэмснийг эсэргүүцэж, гадаа том жагсаал болж байна. Үүнд УИХ анхаарал хандуулж байна уу. Гарч уулзаад, энэ хүмүүст бодитой хариу өгчих хэрэгтэй байна. Хэдэн залуус хүйтэнд жагсаж, маш их юм болж байна. Тэд ажил, амьдралтай. Гаргасан буруу шийдвэрүүдээ хурдан цуцлаад, яаралтай арга хэмжээ аваад учир зүйг нь олчихож болдоггүй юм уу" хэмээн асуулаа.

Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Замын төлбөрийг нэмэгдүүлсэн НИТХ-ын шийдвэрийг эргэж харж, гурав хоногийн дотор шийдвэрлэх чиглэлийг Ерөнхий сайд Хотын даргад өнгөрсөн даваа гарагийн өглөө өгсөн. Үүний дагуу НИТХ бүрэн эрхийн хугацаандаа шийдвэрлэнэ. НИТХ 26-нд хуралдаж, тус асуудлыг шийдвэрлэнэ. УИХ-аас ч энэ асуудалд анхаарч, тодорхой чиглэл өгсөн" гэв.

Сануулахад, НИТХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг иргэд эсэргүүцэж, өнгөрсөн даваа гарагт Төрийн ордон тойрон "машинтай жагсаал" хийсэн юм.

Үүнтэй холбоотойгоор тус өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Амарсайханыг дуудан уулзаж, Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэж харах чиглэл өгсөн. 

Уулзалтын дараа Хотын дарга С.Амарсайхан "Авто зам ашигласны төлбөрийг моторын багтаамж, овор хэмжээ, байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг харгалзаж, харьцангуй өөр өөр тогтоож шийдвэрлэсэн. Ерөнхий сайдын зүгээс "энэ шийдвэрийг эргэн харж, олон нийтийн санал бодлыг тусгаж, аль болох зөв хувилбараар шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн чиглэл өглөө. Тиймээс НИТХ-аар батлагдсан энэ төслийг Хотын даргын хувьд НИТХ-д дахин өргөн барьж, боломжит хувилбараар шийдвэрлэх судалгаа тооцоо хийх шаардлага үүсэж байна. НИТХ-д хамгийн багадаа хурлаас 3 хоногийн өмнө өргөн барих хуулийн хугацаатай. Улмаар НИТХ-ын дарга ээлжит юмуу, ээлжит бус хурал зарлаж, энэ асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэнэ" гэсэн юм.