УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө.

Тэрээр уулзалтын үеэр хэлсэн үгэнэдээ "Төрийн албан хаагчдыг төрийн албаны менежментийн онолд 5 хэв маягаар тодорхойлж байна. 

  • Нэгдүгээрт ялагч нар. Тэд өгсөн үүрэг даалгаврыг сайн хэрэгжүүлээд зогсохгүй, санаачилгатай ажилладаг, үр дүнд хүргэж чаддаг. 
  • Хоёрдугаарт нь сайн гүйцэтгэгчид гэж байна. Энэ бол өгсөн үүрэг даалгаврыг яс хэрэгжүүлдэг хүмүүс. 
  • Гуравдугаарх нь муу гүйцэтгэгчид. Үүргээ хагас дутуу хэрэгжүүлдэг хүмүүс гэсэн үг. 
  • Дөрөвдүгээрт зомби нар гэж байдаг аж. Амьд үхдэл мэт, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хүмүүс. Санаачилгагүй, хувиа борлуулж, довоо шарлуулаад явж байхыг илүүд үздэг. 
  • Тавдугаарт хорлон сүйтгэгч нар гэж байна. Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар ийм улсуудаас болоод улсын төсөвт 810 сая төгрөгийн хохирол учирсан байна. Төрийн албан хаагчдын гаргасан буруу шийдвэрээс болж гарсан хохирол гэсэн үг.

Авлигаас болж гарч байгаа хохирлын хэмжээг тооцож баршгүй. АТГ 2.0 их наяд гэж хэлж байгаа.

Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг дээрхийн адил 5 ангилж болно. Хорлон сүйтгэгчид жишээ нь бий. Хар тамхины хэрэг дэлхий дахинд Монгол Улсыг, Монголын төрийг шороотой хутгалаа. Хохирлын хэмжээг мөнгөөр үнэлэх аргагүй. Наанадаж өөрийнхөө карьерийг, цаашлаад дипломат албаны болон Монгол Улсын нэр хүндийг, дипломат хөх паспортын чадамжийг алдагдуулсан хэтэрхий хариуцлагагүй үйлдэл бол энэ. Хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлж болно. “Саарал жагсаалт”-д ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл энэ мөн. Бусад 4 төрлийг ярилгүйгээр ганцхан жишээг дурдаад зогсъё. Сайн, муу гүйцэтгэгч, зомби мэт хүмүүсийн аль аль нь бий. Ялагч мэт ажиллаж байгаа хүмүүс ч байна. Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ ялагч байж, санаачилгатай, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж ажиллах шаардлагатай байна. Энэ бол шинэ цаг үед тавигдаж байгаа шаардлага, хамгийн чухал зорилт юм. 2020 оноос энэ шаардлагыг улам хүчтэй, хатуу тавих болно" гэдгийг онцлон хэллээ.

Түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах нь нэн чухал байна.

-Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх,эрүүдэн шүүхийг зогсоох, иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад анхаарч байна.

-Шүүх, хуулийн байгууллагад шинэчлэл хийх, ял завших боломж олгохгүй байх, яллах, цагаатгах зарчмыг тэгш баримталж, гагцхүү нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийддэг байх ёстой гэж үзэж байна.   

-Улсын Их Хурал Татварын шинэчлэл хийж, 2020.01.01-нээс хэрэгжих 1 хувийн татварын тогтолцоо бүрдүүллээ. Энэ бол иргэдийнхээ бизнес эрхлэгч, баялаг бүтээгч байхыг дэмжсэн томоохон өөрчлөлт юм.  

-“Эрдэнэт”-ийн 49 хувь, Тост, Тосонбумбын нуруу, Ноён уул, Салхит, Асгатын ордыг төр, ард түмний мэдэлд шилжүүлэн авсан нь бүхэлдээ хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд чиглэж байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1, 6.2 дахь заалтаар байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. Бүх улсын Үндсэн хуульд ийм агуулгатай заалт бий. Орд газрыг лиценз хэлбэрээр эзэмшиж, ард түмний мэдлийн баялгийг ашигласныхаа татварыг роялти хэлбэрээр төлж байх ёстой. Харамсалтай нь энэ зарчим өнгөрсөн жилүүдэд алдагдсанаас байгалийн баялаг цөөхөн хүний баяжих хэрэгсэл, нийгмийн тэгш бус байдлын шалтгаан болсон нь гадаад, дотоодын судалгаагаар нотлогдож байгаа юм.  

-Дундаж давхарга зонхилсон хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах Үндсэн хуулийнхаа зорилтыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн хууль эрхийн төдийгүй эдийн засгийн томоохон реформыг хийх шаардлагатай байна. Энэ бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг тулгуур нь юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна.

-Төрийг төр шиг байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байна.

-Монгол Улс “саарал” жагсаалтад орсныг Та бүхэн мэдэж байгаа. Эндээс богино хугацаанд гарах нь бидний нэн чухал зорилт юм. Үүнд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Та бүхэн онцгой анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна.

-УИХ-аас Арабын Нэгдсэн Эмират Улс, Беларусь Улсад ЭСЯ, БНХАУ-ын Шанхай, Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тогтоол баталсан. Куба, Польш, Тайланд, Швед, ОХУ, НҮБ-д суух Элчин сайд нарыг томилох асуудлыг шийдвэрлэлээ.