Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг улс төрийн 10 гаруй намын дарга, удирдлагуудад гардуулан өглөө.

“Алсын хараа-2050”-ын  гол агуулга, зорилтыг танилцуулах үеэрээ Л.Оюун-Эрдэнэ "Хамгийн гол нь өнгөрсөн 30 жилийн алдсан алдаагаа давтахгүйгээр олсон ололтоо ирэх 30 жилд бататгах нь чухал. Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлсэн хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, төсөл зэргүүд нь бодитой хэрэгжиж чадаагүй гол шалтгаан нь засаглалын тогтворгүй байдал, улс төрийн намууд нь ойлголцож улс орны хэмжээний бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой. Тиймээс улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон. Энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй ирүүлж, хамтарч ажиллахыг уриалж байна" гэв.

АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан нар энэхүү бодлогын баримт бичгийн төслийг батлагдах хүртэл ажлын хэсгийнхэнтэй хамтарч ажиллахаа илэрхийлэв. Мөн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газар, эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн нийт гишүүдэд талархал илэрхийллээ.

“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, ЗГ-ын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн найман сарын турш хамтран ажилласан юм.