Энэтхэгийн цэргүүд тойрог зам дахь сансрын хиймэл дагуулыг амжилттай устгалаа гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.

“Энэтхэг улс одоо сансрын их гүрэн болсон. Сансрын аппаратуудыг устгах зориулалттай манай улсын пуужин гурав хүрэхгүй минутын хугацаанд дэлхий орчмын доод тойрог зам дахь хиймэл дагуулыг устгалаа” гэж тэрбээр мэдэгдсэнийг телевизийн “NDTV” суваг шууд дамжуулсан байна.

Модигийн хэлснээр, “Шакти ажиллагаа”-ны хүрээнд явуулсан пуужингийн туршилтын үеэр дэлхийгээс 300 км зайтай байрлаж байсан хиймэл дагуулыг устгажээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд энэ үйл явдлыг түүхэн гэж нэрлээд үүнээс өмнө АНУ, ОХУ, БНХАУ гэсэн ердөө гуравхан улс ийм амжилтад хүрснийг онцлон дурдсан байна. Үүний сацуу тэрбээр энэ ажиллагаа нь аливаа улс орны эсрэг чиглээгүй бөгөөд олон улсын конвенц, гэрээнүүдтэй зөрчилдөхгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.

1947 онд тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш Энэтхэг улс өөрийн гэсэн сансрын хөтөлбөрийг боловсруулж эхэлсэн байна.

Хиймэл дагуул устгах пуужин амжилттай туршсан тухайгаа Энэтхэг мэдээлсний дараа Пакистаны эрх баригчид сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоохыг уриалжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti