Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "12 дугаар сарын 20-нд нийт 5.961 хүнд PCR шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 31 нь Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгдсэн. Нэг нь энэ сарын 19-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүнээс илэрлээ. 

Баянзүрх дүүрэг дэх халдварын голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол 62 боллоо. Тэд Баянзүрх дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмчлүүлж байхдаа халдвар авсан боловч халдвар авсан хүмүүсийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байрлаж байна. Иймд нэлээд өргөн хүрээтэй том дэгдэлт гарсан гэдгийг иргэд ойлгож, өөрийгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй. 

Дээрх 62 тохиолдлын 50 нь Баянзүрх дүүрэгт, 2 нь Баянгол дүүрэгт, 1 нь Налайх дүүрэгт, Сонгинохайрхан дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 5 хүн тус тус харъяалалтай байна. Гэрийн хаяг нь энд тэнд байна. Үүнээс улбаалаад ойрын болон хоёрдагч хавьтал нийт 1136 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулаад хяналт, тандалт хийж байна. Тэднээс 622-ыг нь тусгаарлах байранд тусгаарласан. Бусдыг нь гэрийн ажиглалтад авсан. Өнөөдөр ойрын хавьтлуудад давтан шинжилгээ хийнэ.

Өнөөдрийн байдлаар:

  • Дорноговь аймагт нийт 32
  • Орхон аймагт нийт 25
  • Архангай аймагт нийт 3
  • Говьсүмбэр аймагт нийт 4
  • Дархан-Уул аймагт нийт 45 
  • Сэлэнгэ аймагт 216
  • Улаанбаатарт нийт 206 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улмаар манай улсад дотооддоо илэрсэн халдвар 531, нийт бүртгэгдсэн тохиолдол 993 боллоо. Тэдний 51.2 хувь буюу 509 нь эдгэрсэн. 

Нийт 475 хүн эмчлэгдэж буйгаас 425 хүн хөнгөн, 32 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, 1 хүний биеийн байдал маш хүнд байна. Нийт 9 хүн нутаг буцсан" хэмээн мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа