Гэр бүлийн ёс зүй судлаач С.Эрдэнэцэцэг багштай ярилцаж байтал “Эх хүний хараал хамгийн хүчтэй байдаг” хэмээн Америкийн зохиолч Луйз Хейгээс иш татдаг юм байна. Эхлээд сонсоход цочирдом энэ өгүүлбэрт утга учир бий. Ээж нь охиноо “Цаад нэг юмтайгаа таарч тохирохгүй хүрээд ирнэ дээ, чи” гэх мэтээр загнаж байхыг та бишгүй л сонсоо байлгүй. Үнэндээ ч охин нь хожим нөхөртэйгээ таарч тохирохгүй ирчихсэн байх нь ч бий. Үүнийг эх хүн охиноо мэддэг гэдгээр тайлбарлаж болох ч эх хүний үг үр хүүхдэдээ хамгийн хүчтэй нөлөөлдөг гэдгээр ч тайлбарлагдана. 

Өөрөөр хэлбэл үр хүүхдийнх нь далд ухамсарт ээжийн үнэлгээ, зөн “бичигдэж” байдаг гэнэ л дээ. Тэгээд л хүүхдийнх нь амьдрал болж бүтэхгүй бол “Ээж минь яасан үнэн үг хэлээ вэ” гэж бодогддог байлгүй.

Үнэндээ үр хүүхдийнхээ мууг үзчихье гэж боддог ээж нэг ч байхгүй. Харин санамсаргүй амнаасаа унагасан муу үгс үр хүүхдийнх нь хувь заяанд нөлөөлж болно гэдгийг л хэлье. 

Нэгэнт муу үг нөлөөлж байгаа юм чинь сайн үг сайн нөлөөтэй гэдэг нь мэдээж. Тэгэхээр ээж нар хүүхдийнхээ талаар зөвхөн сайныг ярьж, зөгнөж  байх хэрэгтэй юм байна. 

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Наполеоныг багад эмээ нь “Францын агуу хүү минь сэрээрэй” хэмээн дууддаг байсан тухай ярьсан удаатай. 

Эмээгийн үг хүүд нөлөөлсөн талаар хожим Францын эзэн хаан дурсаж л дээ. 

Хүүхдийг “Сайн хүн болно оо” гээд байхаар сайн хүн болдог.  “Шоронгийн тав болно доо, чи” гээд зүхээд байхаар шоронгийн хадаас л болдог гэсэн яриа ч байдаг. Ээж таны хүү мундаг эр болно.

Хэдэн жилийн өмнө ийнхүү бичиж байлаа. Илүү олон ээжид хүрээсэй хэмээн давтав.