Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгч нар эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Тус худалдааны төв түрээсийн төлбөрөө 2 дахин буюу 495 000 төгрөг байсныг 995 000 төгрөг болгон огцом нэмсэн байна.

Өчигдөр тус худалдааны төвөөс энэхүү шийдвэрийг түрээслэгчдэд тараангуутаа энэ сараас эхлэн түрээсийн төлбөрөө уг үнээр төлөхийг шаарджээ. Хэрэв шийдвэрийг зөвшөөрөхгүй бол лангуугаа чөлөөлөх ёстойг ч бас сануулсан талаар худалдаачид ярьсан юм.

Тус төв түрээслэгч бүртэйгээ "Лангуу түрээслүүлэх гэрээ" байгуулсан байдаг. Энэхүү гэрээнд хэрэв түрээсээ нэмэх бол 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэж заажээ. Гэвч ийнхүү гэнэт тулган хэлж, түрээсээ төлөхийг шаардаж байгаад худалдаачид бухимдан ийнхүү үзэл бодлоо илэрхийлж буй.

Уг нь энэхүү шийдвэр сарын өмнө Дүнжингарав худалдааны төвийн ТУЗ-ийн хурлаар гарсан ч өчигдөр л түрээслэгчдэд дуулгасан ажээ.  Дүнжингарав худалдааны төв түрээслэгч нарын эрх ашиг хамгаалах битгий хэл агааржуулалтгүй, жорлон үнэртсэн орчинд ажиллуулдаг,  түрээсийн гэрээ хийхдээ 1 сая төгрөг барьцаанд авчихаад нэмэлтээр 100 мянган төгрөг шаарддаг гэх мэт зөрчлүүд гаргадаг гэв. Энэ бүхнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан хүний лангууг хурааж байсан учраас худалдаачид дарамтыг тэвчдэг, яриа өгөхөөс айж халгадаг талаараа ч ярьж байв.

Үүнээс гадна худалдаачдыг түрээсээр шахан дарамталж байгаа учраас тэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.