Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор, "МонФа Трейд" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Цэндээхүүтэй ярилцлаа. Тэрбээр ЭМД-ын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол хууль зөрчсөнийг, Монос группэд илт давуу тал олгосон болохыг баримттайгаар дэлгэж байна.


- “Монос” групп өөрсдийн үйлдвэрлэсэн эм бэлдмэлээ өндөр үнэтэй шахаж байна гэдгийг та ямар баримтаар нотлох вэ?

- “Монос” эмийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн эмийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэлсэн гэдгийг би нотлох баримттайгаар хэлж чадна. Улсын эмийн дугаар, худалдааны болон ерөнхий нэршил, тун, савлалтын хэмжээг бичсэн энэ жагсаалтыг нотлох баримт гэнэ биз дээ.

Хүснэгтийн ард нь Эрүүл Мэндийн Даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Монос” эмийн үйлдвэрийн эмийн үнийн дүнг эмийн сангийн үнэтэй нь харьцуулсан байгаа. Эндээс ямар үнийг яаж өсгөснийг маш тодорхой харж болно. Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад “Монос”-ын үйлдвэрлэсэн 15 эм багтсан. Амоксицилины эмийн сангийн үнэ нь 2000 төгрөг. Гэтэл даатгалын жагсаалтад 9500 гэж хэд дахин нугалсан үнээр оруулсан байгаа юм. Амломоны зах зээлийн үнэ нь 6540 төгрөг. Мөн л хэд дахин нэмж 18300 төгрөг болгоснийг хүснэгтээс хараарай. Эрүүл Мэндийн Даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан “Монос” эмийн үйлдвэрийн эмийн үнийн дүнг эмийн сангийн үнэтэй нь харьцуулсан хүснэгт


Энэ чинь эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр дүнгүй зарцуулалт мөн биз дээ. Маргаад байх ч хэрэг алга. Эндээс харахад ямар эмийг яг хэд нугалж, нэмж шахаж байгаа нь харагдана. Эрүүл мэндийн даатгалын зорилго уг нь чанартай, эмчилгээний идэвх өндөртэй эмийг боломжийн үнээр ард иргэдэд хүргэх юм. Гэтэл нэлээн олон компанийн эмийн үнийг бууруулчихаад, “Монос”-т л монопол эрх олгочихсон байгаа биз.


-Гаднаас эм оруулж ирж байгаа компаниудыг эм бэлдмэлээ хэт үнэтэй зардаг гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?

-Биднийг эм бэлдмэлийг өндөр үнээр зардаг, хэд нугалж ашиг олдог мэтээр ярьдаг. Үнэндээ бидэнд тэгтлээ өсгөсөн зүйл байхгүй. Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолд багтсан эмийг харахад “Монос” эмийн үйлдвэрийн борлогддоггүй эмийг даатгалын дээд хязгаарыг тогтоогоод 4-5 өсгөчихсөн байгаа юм. Тэгсэн хэрнээ маш өндөр чанартай, эмийн үйлчилгээ сайтай манай компанийн оруулж ирдэг 30 ширхэгтэй эмийг 165 төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Яаж бодохоороо 1 доллараас бага үнэлдэг юм бол. Энэ эмийн үнэд тээвэр, гааль, НӨАТ-ын үнэ шингэдэггүй гэж үү. Арай ч хэтэрсэн ёс зүйгүй хэрэг биш гэж үү. 30 ширхэг эм шүү дээ. Би бусдыг гүтгэж гүжирдэх ёс зүйтэй хүн биш, өдийг хүртэл тийм зүйлийг хийж явсангүй. Тийм учраас бид өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хандаж эмийн үнийн нэмэгдлийн дэлгэрэнгүй тооцоо өнөөгийн нөхцөл байдлын талаарх албан бичиг илгээсэн. 

Шууд хэлэхэд энэ бол иргэдийн эрүүл мэндэд халдсан ноцтой гэмт хэрэг юм. Эмчилгээний идэвх муутай эмийг, өндөр үнээр бүр даатгалын төсвийн мөнгөөр ашиг олох гэсэн увайгүй үйлдэл гэж би харж байна.


-Ер нь эмийн чанарыг юугаар үнэлдэг юм бэ, мөн та “Монос”-ын эмийн үйлдвэрт очиж үзсэн үү? 

-Намайг болон сэтгүүлчдийг “Монос” эмийн үйлдвэрийг очиж үзээрэй гэж байна лээ. Би “Монос” эмийн шинэ үйлдвэрийг барихад нь очиж үзсэн. Би ДЭМБ-ын олон улсын байцаагч, аудитор,  курсыг нь төгссөн, Анагаахын шинжлэх ухааны сургуульд эмийн технологийн багш хийж байсан хүн. Мөн “Монос” эмийн үйлдвэрийг ажиллуулж байгаа тэр хүмүүс миний шавь нар байгаа юм.

Ер нь том сайхан барилга барьж хэдэн хэдэн тоног төхөөрөмж тавиад л чанартай эм үйлдвэрлэчихдэггүй. Эм үйлдвэрлэх болон эмийн чанар гэдэг тусдаа маш нарийн зүйл бий. Энд эмийн түүхий эдийн чанар, менежмент, эмийн технологи, урт хугацааны тогтвортой чанарын болон биоэквивалентийн, клиникийн судалгаа, туршилтууд хийдэг. Жишээ нь олон улсын эмийн үйлдвэрүүд нэг 2-3 жилд зарцуулж энгийн эм гаргаж авдаг бол оргинал эмийг үйлдвэрлэхийн тулд 10-15 жилийг зарцуулдаг. Тухайлбал биоэквивалентийн судалгаа гэж зүйл бий. Энэ бол эм ууснаар тухайн хүний цусны сийвэнд хэчнээн хувь нь орж байна гэдгийг нь тогтоогоод тэр хэмжээгээр нь эмийн үйлчилгээг тодорхойлдог арга л даа. Гэтэл Монос компани ямар ч ийм төрлийн туршилт, судалгаа хангалттай хийхгүйгээр түүхий эд авчираад капсултай эмийг бөөндөж үйлдвэрлээд байна. Судалгаа хамаагүй ээ гэж байвал өөрийнхөө биеийг мэддэг, туршлагатай, хашир  ахмадууд хүртэл эмийн чанарыг хэлж байна шүү дээ. Эмийн санд “Энэ ёстой ямар ч үйлчилгээгүй эм юм байна эсвэл энэ нь арай нэмэртэй юм билээ” гэж байхыг сонссон байх. Энэ чинь амьдрал дээр биоэквивалентийн судалгаа хийж байна гэсэн үг.

Ирэх сарын 1-нээс хэрэгжих шинэчлэн баталсан Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-Монос групп хэвлэлийн хурал хийхдээ таныг судалгаагүй, баримтгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараалаа, хэвлэлийн хурлын зар хүргээгүй гэж байсан шүү дээ…?


-"Монос" групп мэдэгдэл хийснийг харсан. “Монос” эмийн сан хариуцсан гүйцэтгэх захирал Л.Алтанцогт хэвлэлийн хурлын зар холбоонд орж ирээгүй гэж байгааг сонсоод гайхсан шүү. Уг нь Монос эмийн сан үйлдвэрийн захирал  над руу утасдаад “Та наад хурал хийхээ больчих, битгий энэ талаар яриач, ойлголцоё” гэж залгасан хэрнээ үгүйсгэж байх юм. Мэдээж би чадахгүй гэсэн. Учир нь тэр олон хүнийг хүрээлүүлж зогсоочихоод, хэвлэлийн хурал зарлачихаад юу гэж зорьсноосоо буцна гэж. 

Тэгээд ч энэ бол хоёр компани маргалдаад байгаа хэрэг биш. Эцсийн эцэст эмийн даатгалын жагсаалтыг үнэн шудрага болгох, “Монос”-ыг гаргаж буй бодитой дутагдлыг ард түмэнд салбарынхантайгаа нэгдэн ойлгуулахыг хичээж явна. Би ерөөсөө ч хэнийг ч гүтгээгүй. 


-Та тэгвэл өмнө энэ талаар дуугарч байгаагүй юм бэ?

-Өмнө нь би яамны хуралд орж үүнийг шүүмжилж байсан, яагаад гэвэл би 30 гаруй жил лабораторид ажиллаж удирдсан хүн учраас тэр багийн гишүүнээр ажилласан. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл надад мэдэгдэлгүйгээр намайг хасах тушаал гаргачихсан. Миний оронд “Монос”-ын сургуулийн захирал Цэрэндулам докторыг тавьчихсан юм билээ. Ингээд эмийн хяналт гэдэг зүйлийг сулруулж, өөрсдөө дураараа аашлах боломж олгож байгаа юм. Өөрсдөд нь таалагдахгүй буюу үнэнийг дуугарахаар халаад хаячихдаг юм билээ.


-Та “Монос”-ын эдгээр 15 эмийн чанаргүй, үйлчилгээгүй гэлээ. Иргэдэд уугаад хэрэггүй гэж та зөвлөж чадах уу?

-Яах аргагүй эмийн үйдвэрийн технологийн багшаар ажиллаж олон шавьтай болсон. Тэр шавь нарын маань хүчээр “Монос” эмийн үйлдвэр ажиллаж байгаа. Сайн эм ч үйлдвэрлэж л байгаа биз. Энэ удаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолд орчихсон, зах зээлийн үнээс олон дахин үнэлээд шахаж байгаа энэ 15 эм дээр ярьж байна. Тиймээс “Монос”-ын бүх эмийг уугаад хэрэггүй гэж уриалан дуудахгүй. Тухайн хүний сонголтын асуудал шүү дээ.

Гэхдээ эдгээр 15 чанаргүй эмээ өндөр үнээр иргэдэд шахаж төсвийн даатгалын мөнгийг шамшигдуулж буй энэ үйл явц миний дургүйцлийг төрүүлж байна. Тийм учраас би энэ асуудлаар дуугарсан. Дуугарахдаа гүтгээгүй, баримт нотолгоотой ярьж байна. Гол нь эрүүл мэндийн дүрэм журмаа зөрчөөд, ингэж өндөр үнээр үнэлж, бусад компанийн эмийн үнийг хэд дахин хасуулчихаад ард түмний мөнгө луйвардаж байгааг илчилсэн.


-Таныг өөрөө эмийн бизнестэй учраас “Монос” групп руу дайрч байна гэх мэдэгдэл хийсэн. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай эм зүйн салбар 100 хувь хувьчлагдсан салбар шүү дээ. Би 1978 онд Москвагийн нэгдүгээр анагаах их сургуулийн Эм зүйн факультетийг онц дүнтэй төгссөн. Ирээд эм шалгагч төв лабораторид ажилд орж 33 жил ажилласан хүн. Ингээд тэтгэвэрт гарахдаа би эрч хүчтэй байсан учраас бусдын жишгийн адил МонФа трейд компаниа байгуулсан юм. Миний оруулж ирдэг эмүүдийн ихэнхийг Зүүн Өмнөд Азийн хамгийн том эмийн үйлдвэр “Kalbepharma” өндөр баталгаа, эмчилгээний идэвх өндөртэй чанартайгаар үйлдвэрлэдэг. Би шинжлэх ухааны доктороо Москвад хамгаалсан хүн. Тийм учраас өөрийн оруулж ирдэг эмээ хамгийн боломжийн үнэтэй, чанартай гэдгийг нүүр бардам хэлж чадна. 



-Та “Монос”-ын удирдлагуудад хандаж юу хэлэх вэ?

-Намайг ёс зүйгүй хүн гэж хэлнэ лээ. Би бол ёс зүйтэй хүн. Тийм ч учраас “Монос” эмийн чанарын тухай дэлгэсэн. Ер нь би гэлтгүй ард түмэн хүртэл эмийнх нь чанар муутайг ярьж бичиж байна. Харин ч “Монос” эмийн үйлдвэр энэ явдлаас туршлага аваад тогтоол, даатгал гэсэн будлиан хутгалгүй ажлаа сайжруулаад туршлага судалгаагаа сайн хийх ёстой юм. Тэгэж чадвал ард түмэн сайн эмтэйг нь магтаж, элдэв шахаагүйгээр л худалдан авна шүү дээ. 

Би “Монос”-ынхонд төрөө тайван ажлаа хийх боломжийг нь олго, төрийн сайдад нөлөөлж өөртөө ашигтай шийдвэр бүү гаргуул, ийм хэлбэрээр ажиллахаа боль гэж хэлмээр байна. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж төсөв бондын мөнгийг зардаг шалтгаан нь ердөө ард түмний төлөө шүү дээ. Эмийн салбарт гэвэл чанар сайтай эмийг хямд үнээр хүргэх юм. Гэтэл эсрэгээрээ чанар муутай эмээ өндөр үнээр, даатгалын мөнгөөр шахдаг арга барил чинь хамгийн буруу. Ийм арга барилаар ажиллахаа боль гэж хэлмээр байна.



-Та уг асуудлаар Д.Сарангэрэл сайдад хандаж юу хэлэх вэ?

-Д.Сарангэрэл бол манай салбарын гүйцэтгэх засаглалын тэргүүн. ЭМД-ын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоол ард түмний эрүүл мэндэд аюул учруулах ноцтой жагсаалт болсон байна. Яагаад гэвэл эм бол онцгой бүтээгдэхүүн. Ард нь хүний амь нас эрүүл мэнд яригддаг. Мэдээж ийм хямд үнээр оруулж ир гэж байгаа бол алдагдалтай ажиллахгүйн тулд эм ханган нийлүүлэгчид хаалгаа барьж таарна. Эмийн тасалдал үүсвэл яах вэ, энгийн ард иргэд л хохирно. Тиймээс би Д.Сарангэрэл сайдад найзыгаа, нэг компанид монопол эрх үүсгэсэн энэ тушаалаа цуцлахыг хүсэж байна. Ямар ч үед ард түмний эрх мэдэл хувийн эрх ашгаас дээгүүр байх ёстойг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Ганц миний хүсэлт биш юм шүү. Хамгийн муухай нь ЭМД-ын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолыг 7 дугаар сарын 29-ний өдөр гаргачихаад 11 дүгээр сарын 19-ний өдөр л сайтад тавьсан байгаа юм.