УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 44 гишүүний 31 буюу 70.5 хувь нь дэмжлээ. 

Улмаар түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэв.

УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Нийслэлийн Засаг даргад нэр дэвшиж буй учир хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буй юм. Түүнийг Нийслэлийн Засаг даргаар томилохыг нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн. Мөн өнөөдөр НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгчдийн 70 гаруй хувь нь дэмжсэн юм.

Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг даргаар томилох эсэхийг Монгол Улсын Ерөнхий сайд эцэслэн шийдвэрлэнэ.