Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд БНХАУ руу нүүрс, түүхий газрын тос тээвэрлэхийг түр хугацаагаар хориглосон. Улмаар Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 15-наас тээвэрлэлтийг сэргээхээр болоод буй.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Түүхий газрын тос, нүүрсний тээвэрлэлтийн асуудлыг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хариуцан ажиллаж байна. Тэрээр өнөөдөр юмуу маргааш Дорнод аймагт очиж, газар дээр нь ажиллаад  бэлтгэл ажилтай танилцана. Зам, тээврийн хөгжлийн сайд өнөөдөр Замын-Үүд рүү явсан. Би ирэх долоо хоногийн пүрэв юмуу баасан гарагт Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод очиж ажиллана. Өгсөн үүргийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хэрхэн хийж буй болон хил гаалиар гарахдаа хоёр тал асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

Хамгийн гол нь аюулгүй байдал чухал. Дэлхийн улс орнуудад шинэ коронавирус санаснаас хурдан тархаж байна. Энэ үед аюулгүй байдал, эдийн засаг хоёроо зөв хослуулж явуулах нь зүйтэй. Квотын хэмжээ өдөрт 200 байх уу 400 байх уу гэдгийг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай ярилцана" хэмээлээ.

Мөн тэрээр "2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Таван толгойн ордоор битгий улстөржөөч ээ. Энд аль нэг намын эрх ашгаас илүү улс орны эрх ашгийн асуудал нэгдүгээрт явж байгаа" гэв.