УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саарал жагсаалт, сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хэлж болохгүй зүйл байгаа... 

ФАТФ-аас манай улсыг саарал жагсаалтад багтаасан нь сонин үзэгдэл байлаа. Уг нь ФАТФ-аас надад захидал ирүүлсэн. Захидалд "Танай улс эрчимжсэн хяналтад байсныг ердийн зэрэглэлд шилжүүлсэн, баяр хүргэе" гэж бичсэн байсан. Тухайн үед зэрэглэлийг нь бууруулсан юм чинь гайгүй байлгүй гэсэн чинь эсрэгээрээ болсон. Үүний цаад шалтгааныг сайн ухаж судалж үзэх ёстой. Ажил хариуцаж байгаа Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ярих зүйлийнхээ 10 хувийг л хэллээ гээд байгаад учир бий, бүгдийг нь сонсох ёстой юм. Түүнд хэлж болохгүй зүйл байгаа биз. Цухалзуулахад л ийм байна. Үүнээс өмнө манай улс 2013 онд саарал жагсаалтад багтаж байсан. Тухайн үед хэсэг улстөрчид 2012 оны 4 дүгээр сард Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг батласан юм. Энэ хууль яг сонгуулийн өмнө батлагдаж байлаа. Энэ хуулийг гадныхан ихэд эгдүүцэн хүлээж авсан, зах зээлийн хэвийн эдийн засгийг устгах хууль гэж үзсэн. Ингээд эдийн засгийн өсөлт огцом буурч, гадаадын хөрөнгө оруулагч нар Монголоос гарч эхэлсэн. Жилд 450 хөрөнгө оруулагч гарсан жил шүү дээ. Ингээд 2013 онд саарал жагсаалтад орсон. 8 дугаар сард нь бөөн хэл ам болж байж УИХ ээлжит бусаар хуралдаж эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар тухайн хуулийг хүчингүй болгосон юм. Яг зөрүүлээд 10 сард Монгол Улсыг  саарал жагсаалтаас гаргаж байлаа.

Саарал жагсаалт бол зөвхөн мөнгө төгрөгийн хяналт төдий асуудал биш тухайн улс гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын бизнестээ хэр зөв хандаж байна вэ гэдгийн хариулт байгаа юм. Тийм учраас Монголбанк болон СЗХ-ны хариултыг сонсох ёстой. Одоо яригдаж байгаа нь зөвхөн өнгөн талын асуудал. Цаад тал нь Монгол Улс сонгож авсан эдийн засгийн байр суурин дээрээ хэвээрээ эсэхэд үнэлгээ өгөөд байгаа хэрэг. Бидний хувьд ажлаа хийсэн. Хэрэгжүүлэх ёстой заалтуудын ихэнхийг биелүүлсэн, 4 нь л тааруу үнэлгээ авсан. Ингээд та нар сайн ажиллаж гэчихээд л саарал жагсаалтад багтаачихсан юм. Хууль зүйн яамтай холбож байгаа нь хоёр зүйлтэй холбоотой. Нэг нь мөнгө угаахтай холбоотой хэрэг болон хөрөнгө хураах асуудал. Энэ асуудалд бид оролцох ёсгүй, шүүхээр шийдэгдэж байж хийх ёстой асуудал. Гэхдээ эргэж харах асуудал байгаа нь үнэн. Яг юу байгаа одоохондоо хэлэхгүй. Монгол улс сонгож авсан замаасаа хазайх юм бол маргааш ч живж магадгүй.


Би 30 жил элдвээр хэлүүлэхдээ нэг ч сэтгүүлчидтэй заргалдаж, шүүхдэлцэж үзээгүй

Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагнаагүй. Энэ бол худлаа мэдээлэл. Би тагнуулаагүй, цагдаа тагнаагүй учраас надад хэлэх үг байхгүй. 30 жил элдвээр хэлүүлэхдээ нэг ч сэтгүүлчидтэй заргалдаж, шүүхдэлцэж үзээгүй. Сэтгүүлчдийн зүрхийг үхүүлчихгүй гээд тэвчээд байгаа юм. Та нарыг тагнаж чагнах шаардлага надад өчүүхэн ч байхгүй. Тагнахгүйгээр л та нарын хэн бэ гэдгийг би мэднэ шүү дээ.  


Д.Одбаярын асуудал тухайн улсын хуулиар шийдэгдэхийг л хүлээх байх, өөр яахав дээ, харамсалтай байна

Үндсэн хуулийн цэцийн даргын хувьд тэртээ тэргүй асуудал хүндэрч шалгагдаж байна. Нөхцөл байдал маш хүнд байгаа, хөгшин эх, үр хүүхэд, хань ижил нь ард нь байгаа. Яаж шийдэгдэх бол гээд хараад суугаа. Манай талаас Монголын элчин сайдын яам ажиллаж байгаа, Д.Одбаяр өмгөөлөгч авсан гэсэн. Харин манай талаас энэ асуудлыг хэтэрхий их дэвэргэх юм. Буруу зүйл хийсэн байхыг үгүйсгэхгүй, тэгсэн бол тухайн улсын хуулиар шийдэгдэхийг л хүлээх байх, өөр яахав дээ, харамсалтай байна. Аливаа улсын бүрэн эрх, тусгаар тогтнолын баталгаа нь Байцаан шийтгэх хууль байдаг. Манай хуулийн байгууллага гадаадад байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулах эрхгүй. Тэгвэл тухайн улсын тусгаар байдал алдагдсан гэж үздэг. Солонгосын хуулиар энэ явдал тэр улсын нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн гэж үзэж байгаа учраас тэд ажиллагаа явуулах эрхтэй.Гэхдээ Монгол Улс буруу зөв ямар ч тохиолдолд иргэнийхээ төлөө ажиллах ёстой.