Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өглөө.

Тэрээр "Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Улмаар тус чиглэлийн онгоцоор ирсэн 206 хүнийг шинжилж, хянаж дуусгалаа. Тусгай үүргийн дөрвөн онгоцоор ирж тусгаарлагдсан бүх хүнийг шинжилж дууссан. Гэхдээ 21 хоног хүртэлх хугацаанд нь дахин шинжилгээ хийж, хянана. Иргэд ч өөрсдөө хариуцлагатай байх ёстой.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Батлагдсан нийт 12 тохиолдолтой боллоо. Тандалт, судалгаа, эмчилгээ, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. 

Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр буюу нийт зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Гуравдугаар сарын 27-нд Сэлэнгэ аймагт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн байна" хэмээн мэдээллээ.