Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, тусгаарлагдсан иргэд болон тэдэнтэй ирсэн гурван хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ын Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Гуравдугаар сарын 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг, нийт гурван тохиолдлын шинжилгээнд шинэ коронавирус илэрлээ. 

Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал болох 121 хүнийг тусгаарласан. Тэдгээрээс 61-ийнх нь шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавтлуудад шинжилгээ хийж байна. Онгоцоор ирсэн нийт хүнийг тусгаарлалтад аваад ажиглаж байна.

15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур бидэнд байгаа. Онгоцоор ирсэн 43 хүн тус оношлуулаар шинжилгээ хийж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй" хэмээлээ.

Мөн тэрээр "Гуйх нэг зүйл байна. Шинэ коронавирус илэрсэн гэсэн ямар нэгэн мэдээ авчихаад бидэн рүү байнга утасдаж байна. Бид хавьтлыг судлах, нэрээр нь хөөж олох зэрэг мундахгүй их ажилтай байхад ээлжлээд утасдаад байна. Авах боломжгүй гээд салгаад байхад дахин залгаж байна. Хавьтлуудаа ялгах зэрэг ажил ихтэй сандралдаж байхад энэ нь маш төвөгтэй байна.

Бид утсаа бүр унтраачихвал хоорондын уялдаа, харилцаа тасарчихна.

Тэгэхээр энэ цаг үед нэг өдөр, нэг цагийн өмнө мэдээ авч дамжуулах нь чухал биш. Коронавирус илэрсэн гэсэн хариуг бусдаас түрүүлж мэдээлж яах гэж байгаа юм. Ямар ашиг байна вэ. Нэг цагийн өмнө хүн мэдээд яах юм. Ийм байдал маш их ачаалал үүсгэж, төвөг болж байна. 

Иймд:

Нэгдүгээрт, Бидний ажлыг дэмжиж буй бол уралдаж мэдээ гаргамааргүй байна.

Хоёрдугаарт, Бид тогтсон цагтаа бүх мэдээгээ нэгтгэж, нарийн шүүж дүгнээд нэг ч зүйл алдаж хэлэхгүйг төлөө ажиллаж байна. Тэгэхээр албан ёсны мэдээг хүлээ" гэдгийг онцлон хэллээ.