Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.780.000 гаруй хүн өвчилж, 356.000 хүн нас барсан байна. 2.480.000 хүн эдгэрсэн. Одоогоор 2.900.000 хүн уг өвчний улмаас эмнэлэгт эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 101.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өвчлөл, нас баралт өмнөх өдрөөс нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 8.338 хүн шинээр өвчилсөн. 

Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 58-70 тохиолдлоор нэмэгдсэн нь буурсан үзүүлэлт болж байна. Манай улсын хувьд 383 хүн шинээр ажиглалтад орж, 2 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо нийт 1635 хүн ажиглалтад тусгаарлагдаж байна. Архаг хууч өвчтэй 114 хүнд 26 их эмч, 42 ресидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

ЗӨСҮТ-ийн баг өчигдөр нийт 186 ачаа тээш, 11 галт тэрэг, 3 зочид буудалд эцсийн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн. Орон нутгийн 14 чиглэлийн гал тэргэнд 10 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 4343 хүнд коронавирусийн талаарх тандалт судалгаа хийсэн. Одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 228 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшаар Швед, Франц, АНУ, Англи, Чех, Итали, ОХУ, Герман зэрэг улсаас нийт 15 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан" хэмээлээ.

Зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмж мэдээлэл олон ирж байна. Тэдгээр хүмүүс нэгдүгээр өөрийгөө, хоёрдугаар бусдыг хүндэтгэж, халдвараас хамгаалах зорилгоор амны хаалтыг заавал зүүх ёстой. Бусдад халдвар тараах, бусдаас халдвар авах эрсдэлтэй бүлгийн хүмүүс юм" хэмээлээ.