Шахмал түлшний угаарын хийнд хордож амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан. Уг асуудал дээр "Оном сан”-гийн үүсгэн байгуулагч, доктор Д.Наранбаатар тайлбар хийлээ. Тэрбээр шахмал түлш хэрэглүүлэх гэж байгаа айл бүрт дидектэр буюу аюулгүйн дохиолол хэрэгтэй гэдгийг,  шахмал түлш яагаад нүүрсээс илүү хортойг тайлбарласныг хүргэж байна.

Доктор Д.Наранбаатар:

Өнгөрсөн амралтын өдөр 4 хүн шахмал түлш хэрэглэснээс болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Шалтгаан нь маш тодорхой. Шахмал түлш гэдэг нь нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсон зүйл. Үүний шатаахад гардаг зүйл нь Carbon Monoxide буюу нүүрс төрөгчийн исэл юм. Carbon Monoxide нь маш аюултай. Өнгө, үнэр байдаггүй учраас цусан дахь хүчилтөрөгчөөс 100 дахин хүчтэй. Маш бага алдагдахад хэдхэн секундын дотор ухаан алдаж унадаг. Энэ бол хүчилтөрөгчийн дутагдалд ороод тархи үхжиж байгаа хэлбэр юм. 

Энэ судалгааг би докторын судалгааны хүрээнд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд хийж байсан. Маш аймшигтай үр дагавартай учраас АНУ-д шахмал түлш болон шингэрүүлсэн хий хэрэглэхдээ заавал дидектэр буюу аюулгүйн дохиолол  гэж зүйл ашигладаг. Энэхүү төхөөрөмж өрөөнд суулгавал Carbon Monoxide буюу нүүрс төрөгчийн исэл алдагдах төдийд шууд дохио өгдөг.  Алибаба сайтад 7-8 ам.доллар, амазон дээр 13 орчим ам долларын үнэтэй зарагдаж байгаа. 2 долларын үнэтэй ч бий. Маш ач тустай төхөөрөмж. Үүнийг Засгийн газраас айл болгонд тавьж өгөх хэрэгтэй. Энэ бол нэг төрлийн шийдэл, гаргалгаа. Учир нь нүүрс түлэхэд утаа гарангуут хүн нүдээрээ харж байгаа учраас хаалга цонхоо онгойлгодог. Гэтэл Carbon Monoxide буюу нүүрс төрөгчийн исэлд хүн хордож байгаагаа мэддэггүй. Өнгө үнэргүй учраас тэр. Бөөлжиж дотор муухайрах, гуйвж дайвах төдий л шинж тэмдэгтэй. Ингээд л үхнэ гэсэн үг. Иймээс айл болгон дидектэр гэж төхөөрөмжийг авч хэрэглэхийг зөвлөж байна.  Хамаагүй хямдыг авахгүй байхыг зөвлөе. Учир нь  баталгаа муутай. Иймээс сертифкаттай сайн чанарын төхөөрөмжийг сонгоорой. Энэ тоглоом биш шүү. Маш аюултай зүйл.

Үүнийг яаралтай авч хэрэглэхгүй бол хүмүүс олноороо үхэх ч аюултай. Сайжруулсан түлшийг хэрэглэх нь утаагүй болох давуу талтай ч үүнийг заавал анхаарах ёстой. Гадны олон улс оронд аюулгүйн дохиолол дедекторыг хэрэглэж хэвшсэн байдаг.