"Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" гэсэн дөрвөн зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын 700 гаруй  иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагынхан өчигдөр орой саатуулсан талаар бид мэдээлсэн.

Тус асуудлаар ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл өгөхөөр Төрийн ордонд ирлээ.

Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлээс дээрх асуудлыг тодруулахад "Манай байгууллага болон ЦЕГ уг асуудалтай холбогдох ажиллагааг өнгөрсөн 8 дугаар сард эхлүүлсэн. Улмаар энэ асуудал хэрхэн өрнөхийг ажигласан. 

Эхний ээлжид 8 дугаар сард 80 хүн, дараагаар нь энэ тоо өссөөр өчигдрийн байдлаар нийт 800 хүн орж ирсэн. Үүнийг зохион байгуулж буй хүн нь тодорхой, одоо байцаалт өгч байгаа. Монголын нэг, БНХАУ-ын нэг иргэн голлож энэ ажлыг зохион байгуулж, хятад иргэдийг 4 зочид байрлуулсан. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй.

Урьдчилсан байдлаар хэлэхэд, 800 хүн, тэдний хэрэглэж байсан 1000 орчим компьютер, гар утасны 10.000 орчим сим зэргийг хурааж, хяналтад авсан. Гэхдээ энэ бүхэн бүрэн хяналтад байгаа. Айдас төрөх ямар ч асуудал байхгүй. Цахим ертөнцөд халдаж болзошгүй учир бид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар энэ асуудал мөнгө угаах хэмжээнд хүрч байна. Энэ нь мөрийтэй тоглоом болон бусад хэлбэрээр байж болно. Тогтоох ажиллагааг явуулж байна.

Дээрх 800 хятад иргэн одоо байрласан 4 буудалдаа байгаа. Тэднийг удирдаж буй 4 хятад, нэг монгол иргэнийг саатуулсан, байцаалт авч байгаа. Тэд 8 дугаар сараас эхлэн жуулчны визээр Монгол Улсад орж ирээд хөдөлмөр эрхэлсэн. Энэ бол хамгийн том зөрчил. Энэ нөхцөлд бид албадан гаргах бүрэн эрхтэй. Сая мэдээллээс харахад БНХАУ-ын Элчин сайдын яам манай бүх ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Тиймээс дэмжлэг аваад хятад иргэдийг буцааж гаргах ажлыг хамтран хийнэ гэж бодож байна" хэмээлээ.

"Урьдчилсан байдлаар дээрх хүмүүс мөрийтэй цахим тоглоом зохион байгуулах зорилготой байсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалт, шалгалт явагдаж буй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Бидний мэдээлэл, явуулж буй үйл ажиллагаа ТЕГ-ынхтай яг адил., хамтарч ажиллаж байна" гэдгийг ЦЕГ-ын дарга С.Баатаржав энэ үеэр мөн хэллээ.