Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 17.111.000 хүн өвчилж, 671.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 10.948.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Эхний гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилсөн, дараа нь нэг сард нэг сая хүн өвчилж байсан бол одоо дөрөвхөн хоногт шинээр нэг сая хүн коронавирусээр өвчилж байна. Энэ уг вирусийн халдвар маш эрчтэй тархаж, олон хүн өвчилж буйг харуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 253.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ. Сүүлийн өдрүүдэд өдөрт 200-280 мянган хүн шинээр өвчилж, 3000-7000 хүн уг өвчний улмаас нас барж байна.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 283 хүн хүн орж, 139 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 2595 хүн ажиглалтад байна. Тэдэнд 73 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 64 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 41 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар хурдтай тархаж, олон хүн өвчилж буйтай холбоотойгоор ДЭМБ-ын өчигдрийн хуралд дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал "Коронавирусээр хүмүүс өвчилж, эсвэл вакцин хийлгээд сүргийн дархлаа тогтоно гэж үзэхэд одоо эрт бөгөөд тодорхойгүй байна. Тиймээс бид коронавирустэй хэрхэн зэрэгцэж амьдрахыг сурч, өөрийгөө болон бусдыг уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өндөр эрсдэлтэй хүмүүсээ хамгаалах арга барилыг амьдралынхаа хэв мяаг болгон авч явах зайлшгүй шаардлагатай" гэдгийг онцлон хэлжээ. 

Мөн тэрээр "Хүн бүр хийж хэрэгжүүлэхэд хамгийн хялбар хэрнээ коронавирусээс сэргийлэх арга нь тогтмол амны хаалт зүүж, гараа савандаж угааж, хүн хоорондын зайг барих юм. Эна арга хэмжээг хүн бүр, ялангуяа залуучуудад сайтар сахих хэрэгтэй байна. Залуучууд би өвдөхгүй, өвдсөн ч нас барахгүй гэж бодох хэрэггүй. Сүүлийн үед өвчлөл залуучуудын дунд гарсаар байна" хэмээн сануулжээ.