Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдварыг 292 мянга 142 мянган хүн авч, 12784 хүн уг вирусийн улмаас нас бараад байна. 

Африкийн бүсийн 4 улсад шинээр бүртгэгдсэн. Дэгдэлт эрчимтэй явагдаж байгаа европын бүсэд нэг хоногийн дотор 20 мянган тохиолдол бүртгэгдэж, 1000 хол давсан нас баралт бүртгэгдлээ. Иймээс ихэнх улс орнууд гэртээ өөрийгөө тусгаарлахыг иргэддээ зөвлөж байна. Мөн сургууль цэцэрлэгийг хаах зорчигч тээвэрлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа. ДЭМБ-ын Европын бүсээс гэртээ тусгаарлагдаж байхдаа дасгал хийж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх заавар гаргалаа. 

COVID-19 халдварын дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг дүүрэгтээ тусгаарлан ажиглах байрыг урьдчилан тодорхойлох ажлыг эхлүүлэх ажлыг хийж байна. ДЭМБ-ын нэрийг ашиглаж цахим луйвар хийх тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Иймээс иргэдийг ДЭМБ-аас гэсэн хаягтай мэйл, мэдээллийг нягтлан шалгаж хувийн мэдээлэл болон мөнгөө алдахгүй байхыг хүсье.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

Ням гарагт Италид 651 хүн нас барсан нь өмнөх өдрөөс буурсан үзүүлэлт. Гэсэн хэдий ч шинэ халдварын тохиолдол даруй 5000-аар нэмэгдсэн. АНУ-д халдварын голомтын цөм нь Калифорни, Нью-Йорк, Вашингтон болоод байна. Нийт 30 мянга гаруй хүн халдвар авч 400 гаруй хүн нас барсан. Энэ талаар Нью-Йорк мужийн захирагч манай улсад 1930-аад оны хямралаас хойшхи хамгийн хүнд үе тохиолоо. Нөхцөл байдал 4 болон 5 дугаар сард хүндрэх төлөвтэй гэж мэдээллээ.Улс орнууд хөл хөдөлгөөнийг хязгаарлалтад онцгой анхаарал хандуулж байна.  АНЭУ гэхэд гадаадаас ямар ч онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Саудын Арабад өнөөдрөөс эхлэн орой 19 цагаас өглөөний 6 цагийн хооронд иргэдийг гэрээсээ гарахыг хориглосон. Энэ хориг 21 хоног үргэлжилнэ. ЮНЕСКО-ийн мэдээллээр дэлхийн 124 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон талаар дурдсан байна. Энэ шийдвэрийн дагуу 1 тэрбум 200 сая сурагч хөл хорионд ороод байна.