Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 11.692.000 хүн өвчилж, 539.000 хүн энджээ. Нийт 6.600.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан, 5.000.000 сая хүн эмнэлэгт эмчлэгдэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 138.000 хүн коронавирусээр өвчилж, 3.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс өвчлөл 3.000 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 24 цагийн дотор АНУ-д 44.000, Бразилид 20.000, Энэтхэгт 24.000 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэтхэгт сүүлийн хоёр сард өвчлөл эрчтэй нэмэгдсэнээс эмнэлгүүдийн үйлчилгээ доголдож, Зэвсэгт хүчин, хил хамгаалах шугамаар албадан 10.000 гаруй хүнтэй эмчлэх газруудыг олгоор нээн ажиллуулж байна. Ойрын өдрүүдэд өвчлөл дахин нэмэгдэх хандлагатай байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Олон оронд өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь хөл хориог үе шатгүйгээр гэнэт сулруулснаас өвчлөлийн хоёр дахь давалгаа үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Мөн улс орнууд эдийн засгаа сэргээх нь чухал боловч цаг үеэ олоогүй шийдвэр гаргаснаас өвчлөл дахин нэмэгдэж, олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг эсдэлд оруулах аюултайг ДЭМБ-аас онцгойлон анхаарууллаа. 

ОХУ-д сүүлийн 24 цагт нийт 6.611 хүн шинээр өвчилж, 135 хүн нас барсан байна. Улмаар өвчлөлийн тоогоор дөрөвдүгээрт орж байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 41-75 тохиолдлоор нэмэгдсэн. Ялангуяа Тувад сүүлийн хоногт шинээр 75 хүн өвчилж, нийт өвчлөл 5.083 болсон. сүүлийн 3 хоногт өвчлөл үл ялиг буурах хандлагатай байна.

ДЭМБ-аас байнга анхааруулж буй нэг зүйл бол энэ цар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг, оролцоо чухал. Гэхдээ үүнээс илүү өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хувь хүний хариуцлага чухал гэдгийг онцолж байна. Тиймээс тогтмол амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг барих шаардлагатай" хэмээлээ.