УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 2019 онд нэг тэрбум 589 сая төгрөг 600 мянган төгрөг, гэр бүл нь 312 сая 915 мянган төгрөгийн орлого олжээ. 

Нийтдээ 880 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай хэмээн ХОМ-доо бүртгүүлжээ.  “Mercedes Benz”, “G 55 AMG”, “Bentley”, “Continental” гэх 4 автомашинаа 470 сая төгрөг хэмээн үнэлсэн аж. Тод манлай уяач түүний 250 адуу 890 сая төгрөгийн үнэтэй хэмээн тэрээр мэдүүлсэн байна.

Мөн тэрээр УИХ-д нэр дэвшигчдээс хамгийн өндөр үнэтэй үнэт эдлэлтэй хүнээр тодорч байгаа юм.

Түүний үнэт эдлэл 3 тэрбум 700 сая төгрөгөөр үнэлэгджээ. Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшигч тэрбээр Монголд 1 тэрбум 264 сая төгрөг 484мянган төгрөгийн хадгаламжтай бол гадаадад 68 сая 817 мянгаар хэмжигдэх валютын хадгаламжтай ажээ. Тэрбээр “Ажнай корпораци”, “Таван Толгой”, “МЭК”, “ВВУ”, “ММС”, “Капитрон банк”, “Монгол Эд Импекс” , “Баянгол ЗБ”, “ Талх Чихэр”, “Жуулчин говь”, “Ариг Гал”, “Мах Импекс “, “Говь”, “Авто зам”, “Улсын Их дэлгүүр", “Монгол Шилтгээн”, “Женко Тур бюро”, “Инвест Капитал” зэрэг 18 компанид хувь эзэмшдэг юм байна.