Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин 2019 оны 12 дугаар сарын 01-нд мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нуурын мөс зузаарч 1 метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан нийт 38 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө.

Аврагчид дөрвөн өдөр, 3 метрийн гүн, 1 метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.